Жүдо бөхийн жин тус бүрийн “TOP-6” тамирчдын дундах цуврал тэмцээн болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн нийт 100 сая төгрөгийн шагналын сантай байсан бөгөөд 25 байгууллагын 84 тамирчин оролцсон. Ингээд жин тус бүрийн аваргыг танилцуулъя.
“Рио де Жанейро-2016” олимпын хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг эмэгтэйчүүдийн -48кг-ын жинд дахин аваргаллаа. Тэрээр энэ удаад бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан бөгөөд тавдугаар тойрогт ОУХМ Ганбаатарын Наранцэцэгийг нэмэлт цагт ялсан.
Армийн ДАШТ-ий мөнгөн медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Цэрэнтогтохын Гал-Од бүх өрсөлдөгчөө ялсаар түрүүллээ. Тэрээр сүүлийн тойрогт энэ оны улсын аварга “Гүрү” дожоны Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнийг ялж аваргалсан.
Энэ жинд нийт 5 жүдоч хүч үзэхэд АНЭУ-д легионер тамирчнаар барилдаж байсан “Женко” клубийн тамирчин Батсүхийн Алтанцэцэг бүх өрсөлдөгчөө ялснаар түрүүлэв. Энэ жингийн гол өрсөлдөгч нь өсвөр үеийн дэлхийн анхны аварга, Токиогийн Их дуулга тэмцээний хүрэл медальт Тэрбишийн Ариунзаяа байлаа.
Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин Монгол Улсын есөн удаагийн аварга ОУХМ Болдын Ганхайч түрүүллээ. Тэрээр “Хилчин” спорт хорооны тамирчин О.Саруулд ялагдсан. Харин бусад бүх өрсөлдөгчөө ялснаар түрүүлсэн.
Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин Д.Есүй, -78 кг-д, +78 кг-д “Алдар”-ын Д.Номинзул нар аварга болов.
Жүдочдын хамгийн өрсөлдөөнтэй 60 кг-ийн жинд ДАШТ-ий мөнгөн медальт зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайвангийн Ариунболд түрүүллээ. Тэрээр эхний тойрогт “Тэмүүжин” клубийн Догсомын Билгүүнд ялагдал хүлээсэн. Харин бусад дөрвөн учраагаа дараалан ялсаар түрүүлэв.
Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын аваргад анх удаагаа түрүүлсэн ДАШТ-ий хошой хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Ёндонпэрэнлэйн Басхүү “JUDO TOP-6” тэмцээнд хоёр дахиа дараалан түрүүллээ. Тэрээр энэ удаад тав бус долоон барилдаан хийж түрүүлэх боломжтой болсон юм. Учир нь таван тойргийн дараагаар Ё.Басхүү, “Хурд” дэвжээний Л.Сумъяа, Хэнтий аймгийн тамирчин Өлзийбаярын Бямбасүрэн нар бие биеэ ялснаар нэмэлт барилдаан хийхээр болсон. Улмаар нэмэлт барилдаан алтан оноогоор шийдвэрлэхэд Ё.Басхүү түрүүлж, Л.Сумъяа, Ө.Бямбасүрэн нар удаалав.
“JUDO TOP-6” тэмцээний хамгийн их анхаарал татсан 73 кг-ын жинд Хэнтий аймгийн тамирчин ОУХМ Одгэрэлийн Уранбаяр урамтай барилдаан үзүүлж, өрсөлдөгч бүрээ ялснаар түрүүллээ. Түүний жингийн гол өрсөлдөгчид нь “Парис-2024” олимпод эх орноо төлөөлөн оролцсон Батзаяагийн Эрдэнэбаяр, “Женко” клубийн тамирчин Алтайбаатарын Өсөхжаргал нар байлаа.
Түүнчлэн, эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ Нэргүйн Мөнхбаяр, 90 кг-д ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн, -100 кг-д Ганбаатарын Пунцагцэрэн, +100 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн нар аварга боллоо.