Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

"Хүрээ" амаржих газар харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ

"Хүрээ" амаржих газар харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 6
"Хүрээ" амаржих газар жилд 80 мянга орчим эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болжээ. Тус эмнэлгийнхэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинэ байрандаа нүүж ороод байна.
Олны нэрлэж заншсанаар нийслэлийн Хоёрдугаар төрөх эмнэлэг 1959 онд ашиглалтад орсноосоо хойш 65 жилийн дараа ийнхүү иж бүрэн шинэчлэгдэж, тав тухтай болжээ. Өнөөдрийг хүртэл “Хүрээ” амаржих газар 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг үзүүлж иржээ. Энэхүү эмнэлгийг шинэчилснээр тусламж, үйлчилгээ үзүүлэх иргэдийн тоо хоёр дахин нэмэгдэх боломжтой болж байна.
Хүрээ амаржих газрын захирал, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ш.Алтантуяа “Манай эмнэлэг шинэ байрандаа нүүж ороод сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, энэ хэрээр төрөлтийн тоо ч нэмэгдэж байна. "Хүрээ" амаржих газар орчны хувьд үйлчлүүлэгчдээ мөн ажиллаж байгаа хүмүүстэй маш тав тухтай болсон. Ээжүүд гэр бүлтэйгээ хамт байнгаа төрөх боломжийг бүрдүүлж, нийт таван өрөө нээсэн. Өмнө нь төрөх өрөө рүү ээжүүд ганцаараа орж төрдөг байсан бол одоо гэр бүлийн хамт төрөх боломжтой.
Бид үйлчлүүлэгч төвтэй буюу иргэн төвтэй эрүүл мэндийн байгууллага болох зорилготой ажилладаг. Тиймээс үйлчлүүлэгчээ манай эмнэлэгт орж ирснээс эхлүүлээд үйлчилгээ аваад гарах хүртэл нь ямар нэгэн ойлгомжгүй байдал үүсгэлгүй, найрсаг, халуун дотно, хүндэтгэлтэй харилцаанд суурилсан үйлчилгээг үзүүлэхийг зорьдог.
Манай амбулатори шинээр нээгдэж, жирэмсний хяналтыг авч эхэлсэн. Жирэмсэн эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд, хэрвээ та хоёрдугаар төрөхөд төрөхөөр сонгосон бол манай төрөх дээр жирэмсний хяналтаа хийлгээд, төрөөд, төрсний дараах хяналтаа хийлгэх боломжтой. Мөн дараагийн гэр бүл төлөвлөлтийг хийлгэх нөхцөлийг бүрдүүлж, хүний нөөцөө бэлдсэн байгаа. 
quote photo
Хүрээ амаржих газар харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон. 
Ш.Алтантуяа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эх хүүхдийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарал хандуулсаны үр дүнд эмнэлгээ бүрэн шинэчилснийг дурдах нь зүйтэй. 2021 онд Ерөнхий сайдын хувьд төрөхийн тусламж үйлчилгээ, хүүхдийн тусламж үйлчилгээг анхаарч хөрөнгө оруулалт хийсэн.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 57.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж "Хүрээ" амаржих газарт 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Засгийн газар үүнд маш их анхаарч ажилласан юм.
2022 онд "Хүрээ" амаржих газрын шинэ барилгын шавыг тавьж байсан. Гүйцэтгэгч компанийн хувьд маш сайн ажиллаж, богино хугацаанд энэ барилгыг чанартай барьж хүлээлгэж өглөө. Одоо бидний үйл ажиллагаа жигдрээд дөнгөж сар болж байна. Тохижилтын ажил хараахан гүйцэд дуусаагүй үргэлжилж байна. 
Манай нийт эмч, эмнэлгийн ажилчдын 55.6 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, чадвартай, салбартаа олон жил удаан хугацаанд ажилласан эмч нар бий. Хүний нөөцийн хувьд манай байгууллага чадвартай эмч нартай, эмч, эмнэлгийн ажилтантай" гэлээ.

Тусламж, үйлчилгээний хувьд:

  • Эрсдэлтэй жирэмсний хяналтыг цогцоор нь үзүүлэх
  • Эмгэг нярайн тасагтай
  • Олон улсын стандартад нийцсэн гэр бүлийн төрөх өрөөтэй
  • Вакум мэс заслын өрөөнд тусламж, үйлчилгээ үзүүлэх
  • Эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлэгт иргэдийг хамруулах
  • Эмэгтэйчүүдийн болон хөхний хавдартай эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээг үзүүлэх
  • Стандартын шаардлагад нийцсэн ариутгал, угаалга, лаборатори, дүрс оношилгооны тасгуудтай болж өргөжсөн байна.
“Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлэг нь амаржих газрын стандартад нийцсэн, эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангасан, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн