Хорт хавдар нь Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байгаа бөгөөд нас барж буй таван хүн тутмын нэг нь хорт хавдраар нас барж буйг ХСҮТ-ийн мэдээллээс эш татан Синьхуа агентлаг мэдээлжээ.
Тус агентлаг жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд тохиодог Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан мэдэгдлийг онцолж, “Монгол Улсад 2024 онд нийт 4755 хүн хорт хавдраар нас барсан нь таван хүн тутмын нэг нь хорт хавдраар нас баржээ. Мөн 3.5 сая хүн амтай Монгол Улсад 2024 онд хорт хавдрын 8169 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос бараг 13 хувиар өссөн үзүүлэлт юм" гэж мэдээлсэн байна.
Монгол Улсад хорт хавдрын шинэ тохиолдлын тоо нэмэгдсэнийг эрт илрүүлэг сайжирсантай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Монгол Улсад хорт хавдраар өвчлөгсдийн 80 хувь нь хожуу шатандаа оношлогддог байсан бол энэ байдал 65 хувь болж буурчээ. Монголчуудын дунд түгээмэл тохиолддог хорт хавдрын төрөлд элэг, ходоод, уушиг, умайн хүзүү, бүдүүн гэдэсний хорт хавдар багтаж байгаа нь нийгмийн эрүүл мэндэд олон жил тулгарч буй сорилтуудын илрэл юм.