Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Н.Учрал: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барьж дотоодынхоо гангийн хэрэгцээг хангана

Н.Учрал: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барьж дотоодынхоо гангийн хэрэгцээг хангана
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 5
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл баталсан байна. Түүнчлэн, Зөвшөөрлийн зөвлөлийг албан ёсоор хуралдуулж Зөвшөөрлийн хуулийг давсан хэм хэмжээ тогтоосон актууд, сайдуудын тушаалыг цуцал гэсэн чиглэл өгч байгаа талаараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Тэрээр “Татварын хууль, Тендерийн хууль буюу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдаа авах хууль, Нийгмийн даатгалын хууль, Компанийн хууль, Дампуурлын хууль болон мөн зөвшөөрлийн хуулиуд гэсэн бизнест ээлтэй шийдвэр, санаачилгуудыг гаргах хүрээнд энэхүү эрх зүйн реформуудыг хийх ажлуудыг албан ёсоор эхлүүлж байна. УИХ-аас  2022 онд Зөвшөөрлийн хуулийг баталсан. Нийт 381 зөвшөөрлийг хуульчилж өгсөн. Үүнээс 251 тусгай зөвшөөрөл Зөвшөөрлийн хуулийг дагалдуулаад батлагдсан байдаг.  Түүнчлэн, 122 чиглэлийн зөвшөөрлийн актууд сайдын тушаалаар батлагдсан байдаг. Бид маргааш Зөвшөөрлийн зөвлөлийг албан ёсоор хуралдуулж зөвшөөрлийн хуулийг давсан хэм хэмжээ тогтоосон актууд, сайдуудын тушаалыг цуцал гэсэн чиглэл өгнө. Үүнээс болоод төрийн хүнд суртал бий болж байна. Үүнтэй холбоотойгоор даваа гараг бүр Ерөнхий сайдаар ахлуулах "Бизнест ээлтэй монгол" санаачилгын хүрээнд бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг Шуурхай штаб дээр зохион байгуулалттай хуралдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Эдгээрийн долоон төсөл нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд хамаарч байгаа. Үүнд, нэмүү өртөг шингэсэн, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэсэн асуудлын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан сайд болон бид Шивээ-Овоогийн цахилгаан станц, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр дээр ажилласан.
Сая Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлснээр жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгах зорилгын хүрээнд нэг жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах, 2028 онд 1200 ажлын байр бий болгоно. Стратегийн ордууд дээр төрийн эзэмшлийн 34 болон 50 хувийг хэрхэн тогтоох вэ гэдгийг хувийн хэвшилтэй ярилцаж, аль аль талдаа хожилтой байх талаар баг бүрдүүлэн ажиллана. Эцсийн үр дүнд иргэний хадгаламж хэрхэн нэмэгдэх вэ гэдэг дээр том үр дүнг өгнө.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулиар нутгийн өөрөө удирдлагын байгууллага хараат бусаар өөрсдөө төлөөллөө сонгож, Ерөнхий сайд батламжлаад явдаг. Тухайн нэр дурдагдсан аймгийн удирдлагуудын талаар гомдол санал Засгийн газарт ирээгүй байна. Гомдол ирвэл шаардлагатай арга хэмжээг авна.
Ирэх хаврын чуулганаар Засгийн газрын 14 эрх зүйн реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийнэ. Нэг талаасаа нийтийн үйлчилгээний хандлага руу оруулна. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулж, олон улсын мэргэжилтэн, экспертүүдийг төрд орох бололцоог нээж өгнө. Орон нутагт түр орлон гүйцэтгэгч томилж байгааг цэгцэлнэ. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэггүй бол комисс, зөвлөл гэсэн ойлгомжгүй статусыг нэг талд гаргана.  Төрийн албанд 30 хувийн цомхотгол хийнэ” гэлээ.
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн