Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудлын хүрээнд дараах гурван асуудлыг хэлэлцсэн байна.Үүнд:
Нэгдүгээрт, Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын болон итгэмжлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах,
Хоёрдугаарт, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан Нуур, Хөшгийн хөндийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалт болон бусад хэлбэрээр хамтарч чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг яаралтай жигдрүүлэх,
Гуравдугаарт, Мененгит өвчний тохиолдол, эрүүл мэндийн салбарын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг багтжээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Стандарт хэмжил зүйн хууль 2017 онд хамгийн сүүлд шинэчлэн найруулагдсан байдаг. Түүнээс хойш өөрчлөлт, шинэчлэл хийгдээгүй. Стандартын тухай асуудлыг бид байнга ярьдаг. Гэхдээ хэрэгжилт хангалтгүй байдаг. Стандарт, техникийн зохицуулалтуудыг сонгон хэрэглэдэг болох, сонгосон бол заавал хэрэгжүүлдэг байх хуулийн тогтоолцоо руу орж байгаа. Хоёрдугаарт, Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ хийдэг чиглэлийн байцаагчдын эрхийг нэмэгдүүлэх, ялангуяа салбар хоорондын уялдаа холбоог хангана. Нөгөө талаараа зах зээлд нийлүүлэгдэж байгаа бараа, бүтээгдэхүүн болон бусад импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд чанар, стандартын баталгаажуулалтыг хийдэг нэгдсэн сантай болох, хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулж бүртгэл тооцоо, хяналт зохицуулалт, зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангах бүрдүүлэх чиглэлээр стандартын хуулийг өргөн барьж байгаа.