Open iToim app
CEO БЛИЦ: “MN Post” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Амар
CEO | 6 мин уншина

CEO БЛИЦ: “MN Post” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Амар

Нийтэлсэн 2025 оны 2 сарын 6
Хятадын хамгийн том худалдааны платформ “Pinduoduo” буюу TEMU албан ёсоор Монголын зах зээлд нэвтрээд байгаа билээ. Тэгвэл энэхүү хариуцлагатай ажлын уртын тээврийг нь “MN Post” ХХК хариуцан ажиллаж байгаа. Тэд БНХАУ-аас Монгол Улс хүртэлх сүүлийн 30-иад жил тасарсан байсан шуудангийн тээврийг шинээр сэргээн ажиллана гэсэн үг. Ингэхдээ хил дээр саатахгүй, хамгийн хурднаар тээвэрлэж байна. Иймд “CEO” блиц ярилцлагын буландаа “MN Post” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Амарыг урьж, ярилцлаа. Тэрээр тээврийн салбарт 10-иад жил ажиллаж байгаа бөгөөд борлуулалтын менежерээс Гүйцэтгэх захирал болтлоо дэвшин ажиллаж байна.
-ТА АЖИЛЛАЖ БАЙСАН ХАМГИЙН ОНЦЛОХ ТӨСЛӨӨ НЭРЛЭВЭЛ...?
-Миний ажиллаж байсан хамгийн онцлох төсөл бол “MN Line” олон улсын тээвэр зуучийн компанийн “нисдэг чингэлэг” төсөл. Энэ төсөл анх 2015 онд Солонгосын Инчон боомтоос Улаанбаатар хүртэл дөрөв хоногийн газрын тээвэр хийж эхэлж байсан. Тухайн үед Азийн орнуудаас агаарын тээврээр л яаралтай түргэн муудах барааг авч болдог байлаа. Газраар анх удаа дөрөв хоногийн тээвэр хийснээр агаарын тээврээр авчирдаг хугацаатай адил хугацаанд үнийн хувьд хямд тээвэр хийх боломж бүрдсэн. Уг тээврийг эхлүүлснээр, Зүүн Өмнөд Азийн орнууд, Америк, Австралиас ачаа тээвэрлэх хугацааг богиносгож, тээврийн өртгийг багасгах боломжтой болсон.
Мөн одоо ажиллаж байгаа “MN Post” компанийн шуудан илгээмжийн төслийг онцолмоор байна. Энэ төсөл нь Хятад болон Монгол Улсын хооронд сүүлийн 34 жилийн хугацаанд тасарсан байсан шуудан илгээмжийн албан ёсны тээврийг сэргээж ажиллаж байгаагаараа онцлог.
2024 онд эхлүүлсэн нэг төслийг энд онцлохгүй байхын аргагүй. Энэ бол TEMU цахим худалдааны платформыг Монголд албан ёсоор оруулж ирэх, улмаар тухайн барааг оруулж ирэхтэй холбоотой тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх том давааны ард гарч чадсан явдал юм. Энэхүү төслийг Монголд амжилттай нэвтрүүлэхэд олон компанийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл чухал байсныг хэлэх нь зүйтэй. “MN Post” компанийн хувьд уртын тээврийг буюу хил дамнасан тээврийг хариуцан ажиллаж байна. Харин эцсийн хэрэглэгчийн гарт хүргэх хүргэлтийн үйлчилгээг “UBCab Express” компани хариуцан ажиллаж байна. Улмаар бидний хамтрал өнгөрөгч 2024 оноос дөрөө харшуулан эхэлсэн, ирэх жилүүдэд бидний хамтрал улам батжиж, олон улсаас бараа захиалан гэртээ хүргүүлэх боломж, хүргэлтийн үйлчилгээний соёл, хүртээмжийг улам нэмэгдүүлнэ хэмээн итгэж байна.
-ТУХАЙН ТӨСЛӨӨС ТА ЮУГ ХАМГИЙН ИХ СУРАЛЦАЖ БАЙНА ВЭ?
-“Нисдэг чингэлэг” төслөөс боломжгүй зүйл гэж байдаггүй юм байна гэдгийг ойлгосон. Учир нь газраар дөрөв хоног явдаг тээвэр гэхэд хурдан тээвэр байх боломжгүй. Үнэхээр энэ чингэлэг нисээд байна уу гэдэг асуултууд гарч ирж байсан. Энэ төсөл тээврийн салбарт, импортын худалдааны компаниудад том нээлт болж өгсөн гэдгээрээ маш давуу талтай.
Харин одоо ажиллаж байгаа төсөл надад олон зүйлийг сургасан гэхээс илүү Монгол Улсын иргэд, ААН-үүдэд том шинэчлэл болж байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын худалдааны зах зээл харьцангуй хумигдмал байсан бол одоо дэлхийн тавцангаас бараагаа худалдаж авах боломжтой болж байна.
-ТА ӨНӨӨГ ХҮРТЭЛХ КАРЬЕРЫН ТҮҮХЭЭ ЮУ ГЭЖ, ЭСВЭЛ ЮУТАЙ ЗҮЙРЛЭХ ВЭ?
-Хурдан машинтай зүйрлэнэ. Ямар нэгэн зүйлийг хурдтай, найдвартай, аюулгүй хийх нь чухал гэж боддог.  Би санхүүгийн мэргэжилтэй ч тээврийн салбарт ажиллаад 10-иад жил болж байна. Тээвэр бол хүний амьдралтай салшгүй холбоотой зүйл. Надад карьерын гэхээр арвин түүх одоогоор байхгүй ч бий болгохоор хөдөлмөрлөж явна даа. Tовч дурдвал, оюутан байх хугацаанд олон төрлийн ажил хийж байгаад тээврийн салбарт анх 2015  онд “MN Line” компанид борлуулалтын менежерээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед тээвэр болон борлуулалтын салбарын хоёр төрлийн туршлага хуримтлуулж, ахлах менежер болсон. Түүний дараагаар 2021 оноос “MN Line” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн.
Хэрвээ хүн цэнэгээр ажилладаг гэвэл түүнийг цэнэглэдэг зүйл нь урам зориг
“MN Post” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Амар

undefined
-БИЗНЕСТ ХАМТРАГЧ ЯАГААД ЧУХАЛ ВЭ. ТА ХАМТРАГЧАА ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?
-Хүний амьдралд хамтрагч гэдэг маш чухал. Ганцаараа ямар нэгэн зүйлийг давж туулна гэдэг хэцүү. Тэгэхээр бизнес хамтрагч, найз нөхдөө сонгохдоо ч хувь хүний зан характерыг их анзаардаг. Хэрвээ ямар нэгэн байгууллагатай хамтарч ажиллахаар бол тухайн байгууллагын компанийн засаглал, соёл чухал.
-ТАНЫ ШИЙДВЭР ГАРГАЛТАД БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ЮУ ВЭ?
-Монголчуудын хэлдгээр долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг том шийдвэр гаргахдаа сайн судалгаа хийж, боддог. Тухайлбал, ямар хүчин зүйлүүд нөлөөлж байна, шийдвэр гаргавал хаашаа эргэх үү, надаас бусад хүмүүст хамааралтай юу байх вэ гэдгийг олон талын өнцгөөс нь харж дүгнэлт хийдэг. Тээвэр, зуучийн салбарт геополитикоос эхлээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тийм учраас санхүү, харилцаа гээд хамтрагч нартаа сэв суулгахгүй байх талаас нь илүү их анхаардаг.
-УРАМ ЗОРИГ АВДАГ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛЭЭ НЭРЛЭВЭЛ...?
-Хэрвээ хүн цэнэгээр ажилладаг гэвэл хүнийг цэнэглэдэг зүйл нь урам зориг. Хайртай хүмүүстэйгээ хамт байвал хүн урам зоригоор дүүрдэг. Минийх ч мөн адил. Түүнчлэн, хобби буюу дуртай зүйлээ хийж урам зориг авдаг. Миний дуртай зүйл бол автоспорт. Тэр дундаа бартаат замын седан ангиллын бүх улиралд нь оролцохыг хичээдэг. Уралдаан тэмцээнд орох бүртээ урам зориг авдаг.
-АЖИЛТНУУДАА CARE-ЛДЭГ ТУРШЛАГАА ХУВААЛЦВАЛ...?
-Хамт олон бол хоёр дахь гэр бүл гэж боддог. Хүн өдөр тутмын амьдралынхаа тэн хагасыг нь хамт олонтойгоо өнгөрүүлдэг. Байгууллагын цалин, урамшуулал гэхээс илүү уур амьсгал хамгийн чухал гэж ойлгодог. Иймдээ ч гэр бүл шигээ л хайрладаг. Ажлын ачаалал ихтэй үед ажилчдынхаа тархийг хэрхэн амраах вэ гэдэгт их анхаардаг. Өдөр тутамдаа хамтдаа хооллохоос эхлээд хамт олны өдөр тутмын ажил хэрхэн өнгөрч байна, хэр их стресс бухимдалтай байна гээд ажилтнуудаа анзаарахыг хичээдэг.
quote photo
Карьераа ямар ч салбарт, ямар ч цэгээс эхэлж байсан аливаа ажлыг сэтгэлээсээ хийх нь маш чухал.
“MN Post” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Амар
-ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?
-Биеийн хөгжил болон оюун ухааны хөгжилд аль алинд нь анхаарахыг хичээдэг. Цаг зав хэдий муутай байсан ч биеийн хөгжилдөө тодорхой хэмжээнд тогтмол анхаарах гэж оролддог. Оюун ухаан талаасаа цаг үетэйгээ хөл нийлүүлж мэдээ мэдээлэлтэй ойр байхыг эрмэлздэг. Мөн ном уншиж, кино үздэг. Кино үзэх нь өөрийгөө хөгжүүлэх нэг хэлбэр гэж боддог. Ямарваа нэгэн киноноос давуу тал, суралцах зүйл юу байна гэдэг талаас нь  хардаг.
-ТАНЫ ХАМГИЙН САЙН ДАДАЛ ЮУ ВЭ?
-Өдөр болгон өглөө тогтмол цагт босдог. Энгийн зүйлээс л эхэлдэг. Өглөөг хүн яаж эхлүүлснээс тухайн өдөр хэрхэн өнгөрөх нь шууд хамаардаг гэж боддог.
-АЖИЛ, АМЬДРАЛЫН БАЛАНС ЧУХАЛ УУ, ЯАГААД?
-Ер нь хувийн хэвшлийн компанид ажиллаж байгаа хүмүүс, ялангуяа дундаас дээш удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүмүүс ажил, амьдралын балансаа алдагдуулж байгаа харагддаг. Би ч гэсэн алдагдуулж байсан тохиолдлууд зөндөө бий. Ажлаа ч, амьдралаа ч тэнцвэртэй авч явах нь чухал. Жишээлбэл, миний хувьд ажлынхаа стрессийг гэртээ авч орохгүй байх нь чухал гэж боддог.
-ТАНЫ ХОББИ ЮУ ВЭ?
-Багаасаа л автомашин, автоспортод хоббитой байсан. Багадаа хүүхэлдэйн кино биш машины уралдаан авто спортын сувгаар үзэж өдрийг өнгөрүүлдэг байлаа. Одоо ч авто спортдоо хайртай, амьдралынхаа нэг хэсгийг зориулж яваа. Хоббигоороо цэнэглэгдэж урам зориг авч тайвширдаг.
-КАРЬЕРАА ЭХЛҮҮЛЖ БАЙГАА ЗАЛУУСТ ӨГӨХ ТАНЫ 3 ЗӨВЛӨГӨӨ?
-Хүн болгон өөр, өөр салбарт адилгүй цэгээс карьераа эхэлж байгаа байх. Мөн өөр, өөр зорилготой. Ямар ч салбарт, ямар ч цэгээс эхэлж байсан аливаа ажлыг сэтгэлээсээ хийх нь маш чухал. Үүн дээр хүмүүс их алддаг юм болов уу гэж боддог. Сэтгэлээсээ ямар нэгэн зүйлийг хийнэ гэдэг цаанаасаа мэдрэгддэг.
Хоёрдугаарт, цаг баримталдаг байх хэрэгтэй. Монголчууд цаг баримтлах тал дээр муу харагддаг. Хэрвээ хоцорч байгаа бол түүнийгээ хэлдэг байх хэрэгтэй. Ямар ч ажил хийж байсан цаг барьдаг хүн маш их үнэлэгддэг. Тэгэхээр та бусдад болон өөртөө үнэлэгдэх үнэлэмжээ дээшлүүлэхийг хүсэж байвал цаг баримталдаг байх чухал шүү.
Гуравдугаарт, аль болох хүнлэг байх хэрэгтэй. Ямар ч салбарт хүн хүнлэг байж ажил урагшилна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн