Open iToim app
Спорт | 3 мин уншина

Ёкозүна С.Бямбасүрэн: Өндөр ёс зүйг эрхэмлэж, бүх хүчээ дайчлан зүтгэнэ

Ёкозүна С.Бямбасүрэн: Өндөр ёс зүйг эрхэмлэж, бүх хүчээ дайчлан зүтгэнэ
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 4
Хошёорюү нэрээр танигдсан Сугаррагчаагийн Бямбасүрэн нэгдүгээр сарын хацү башёд түрүүлж сүмогийн 74 дэх ёкозүна болсон билээ. Английн томоохон хэвлэл болох BBC агентлаг ёкозүна С.Бямбасүрэнг онцолсныг тоймлон хүргэж байна.
Их аварга гэж хүндлэгдэх уг цол сүмо бөхийн спортын хамгийн дээд цол юм. Ёкозүна болохын тулд тухайн сүмоч дан ганц өндөр амжилт үзүүлэхээс гадна өндөр ёс зүйтэй байх ёстой агаад шүүгчдийн зөвлөлөөс батламж авах шаардлагатай байдаг.
Хошёорюүгийн авга ах сүмогийн домогт их аварга Асашёорюү Д.Дагвадорж сахилгын зөрчил гаргаснаас болж 2010 онд сүмо бөхийн дэвжээгээ орхиж байсан. "Сүмо бөхийн ертөнцийн муу залуу" гэж нэрлэгдсэн Асашёорюү шөнийн цэнгээний газрын гадаа согтуугаар зодоон хийж хүний ​​хамар хугалсны улмаас их спортоосоо гарсан юм. Тэгвэл Хошёорюү 22 жилийн өмнө уг цолыг хүртэж байсан авга ахаасаа өр замаар явах хүсэлтэй байгаагаа нэгэнт илэрхийлжээ. Тэрээр “Ёкозүна хүний ёсоор зөв биеэ авч явж, бүх хүч чадлаа дайчлан зүтгэнэ” гэж хэлсэн.
undefined
Токиогийн Мэйжи сүмд болсон тус ёслолд 3,500 орчим сүмо сонирхогч цугларч, 25 настай сүмоч шинэ цолоо хүлээн авах уламжлалт зан үйл ёслол төгөлдөр болж өнгөрөв. Тэрбээр ёкозүна нарын өмсдөг цагаан олсон бүсийг бүсэлж, дэвжээний ёслолын үеэр алгаа ташиж, хөлөөрөө дэвсэж, хүндэтгэлтэйгээр суун үзэгчдийн алга ташилтыг хүртсэн юм.
Хоошёорюү ёслолынхоо дараа “Маш их давтаж бэлдсэн ч бодсоноосоо илүү сандарлаа. Гэхдээ зөв хийж чадсан гэж бодож байна. Сүмогийн ертөнцөд хөл тавьсан цагаасаа хойш мөрөөдөж байсан мөрөөдөл минь биеллээ. Энэ баярт мэдрэмжийг илэрхийлэх үг олдохгүй байна" гэжээ.
Бусад цолноос ялгаатай нь ёкозүна цолыг эзэмшигч нь цолыг бууруулж болохгүй бөгөөд сүмогийн түвшин буурвал өөрөө зодог тайлах ёстой болдог аж. Энэ цолонд нэгэн зэрэг хэд хэдэн бөх хүрч болдог ч сүүлийн их аварга 34 настай Тэрүнофүжи энэ сарын эхээр зодог тайлж буйгаа зарласнаар Хошёорюү ганцаараа дээд зиндаанд зогсох болж байна. Хэрвээ нэгдүгээр сарын хацү башёгаас шинэ их аварга төрөөгүй байсан бол энэ спорт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаа их аваргагүй болох байлаа.
Монголчууд сүүлийн 25 жилийн турш сүмог ноёлж байгаатай маргахын аргагүй. Учир нь 2000 оноос хойш ёкозүна болж дэвшсэн долоон бөхийн зургаа нь Монгол сүмоч байгаа юм. Харин энэ хугацаанд Японы цорын ганц шинэ аварга Кисэносато хоёр жил хүрэхгүй хугацаанд энэ цолыг эзэмшиж байлаа.
BBC
undefined
Их Британийн Сүмогийн холбооны ерөнхийлөгч Роб О Нейл ВВС-д өгсөн ярилцлагадаа "Монголчууд ийм амжилттай байгаа нь тэдний үндэсний барилдааны төрөлтэй холбоотой. Монгол үндэсний бөх нь сүмотой тун төстэй" гэжээ.
Монгол бөхчүүдийн голчлон хэрэглэдэг хутгадаг мэхийг сүмод зөвшөөрдөг боловч өмнө нь төдийлөн түгээмэл хэрэглэдэггүй байв. Харин монгол бөхчүүд мэргэжлийнсүмод олноор орж ирснээр энэ мэх илүү өргөн хэрэглэгдэх болжээ. Тэрээр монгол сүмочдын уг мэхийн хэрэглээг "Яг л кикбоксчин боксчинтой тулалдаж байгаатай адил байсан" гэж онцолжээ.
Япон бөхчүүд энэ мэхийг хамгаалах чадвараа сайжруулсан ч, Монголчуудын хувьд уг мэх Японд байдаггүй, тэдний бөхийн философийн салшгүй нэг хэсэг юм. Сүмогийн спорт уламжлалыг эрхэмлэдэг спорт учраас шинэ зүйлд дасан зохицохдоо удаан байх нь бий. Монгол бөхчүүдийн амжилтын бас нэгэн шалтгаан нь багаасаа барилдаж эхэлдэгт оршдог байна.
Эх сурвалж: BBC
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн