Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Амины орон сууцанд ипотекийн зээл олгоно

Амины орон сууцанд ипотекийн зээл олгоно
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 4
Агаар, хөрсны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцанд ипотекийн зээл олгож эхэлжээ.
Тодруулбал, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт:
  • “Хашаандаа сайхан амьдаръя” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй амины орон сууц шинээр барих, засварлахад хөнгөлөлттэй зээл болон бусад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ”,
  • “Эх үүсвэрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэсэн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлнэ”,
  • “Гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан тохиолдолд 30 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ” гэж тус тус заасан.
Эдгээр заалтыг хэрэгжүүлэх ажил энэ оноос эхэлж байгаа бөгөөд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамнаас “Амины орон сууцны мэдээллийн төв”-ийг байгуулж иргэдэд мэдээлэл өгч эхэлсэн байна. Арилжааны банкууд ч амины орон сууцны зээлийн хүсэлтийг авч, тодорхой шаардлага хангасан иргэдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа аж.  
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хувийн буюу амины орон сууцанд ипотекийн зээл олгох хуулийн зохицуулалт хэрэгжинэ. Дээшээ агаар, доошоо хөрс бохирдуулахгүй хувийн орон сууцнуудад хөнгөлөлттэй зээл олгоно" гэсэн юм.
Гол нь, иргэдийн барих, эсвэл байгаа амины орон сууц нь гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шаардлагад нийцсэн, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулсан, дэвшилтэт технологи бүхий шийдэлтэй байх ёстой аж.
Амины орон сууцны мэдээллийн төв нь амины орон сууцны зураг төсөл, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, үйлдвэрлэл, барилга угсралттай холбоотой цогц мэдээллийг нэг цонхны үйлчилгээгээр авах болон иргэд өөрсдөө хямд үнээр амины орон сууц барих, ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, эдгээр цогц мэдээлэл үйлчилгээг иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах зорилготой ажиллах аж. Цаашид хэд хэдэн дүүрэгт байгуулагдах юм байна.
Амины орон сууцны жишиг зураг төсөлтэй танилцах бол ЭНД дарна уу.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн