Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Богд хан уулын газрыг нийслэлд шилжүүлэх боломжгүй

Богд хан уулын газрыг нийслэлд шилжүүлэх боломжгүй
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 4
Богд хан уул орчмын газрыг Байгаль орчны сайдын тушаалаар аялал жуулчлалын зориулалттай олгодог.
Тэгвэл Х.Нямбаатар нийслэлийн Засаг дарга болсныхоо дараа Богд хан уул орчмын газрыг нийслэлийн өмчид авах асуудлыг хөндсөн ч шийдвэр гаргуулж чадаагүй байгаа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Богд хан уул орчмын газрыг нийслэлийн өмчид шилжүүлж, өндөр татвар тогтооно гэдгийг чуулганы индэр дээрээс мэдэгдсэн. Тэрээр Байгаль орчны сайд Богд хан уул орчмыг газрыг олгох, хариуцах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд шийдлийг Засгийн газрын хуралдаанд танилцуулах чиглэлийг салбарын сайдад нь өгсөн.
Гэхдээ Богд хан уул орчмын газрыг шууд нийслэл шүү шилжүүлэх боломжгүй юм байна. Учир нь тус орчмын газар нутаг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагдаж, Байгаль орчны сайд нарын эрхлэх асуудалд багтаж, сайдын баталсан журмаар газрыг олгож ирсэн. Хэрвээ нийслэл рүү шилжүүлэхээр бол хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ талаар Байгаль орчны сайд С.Одонтуяагаас тодруулахад "Энд ямар ч шийдэл байхгүй. Яагаад гэхээр одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар энэ газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль үйлчилж байгаа. Тиймээс нийслэлд шууд өгөх асуудал байхгүй. Бид хуулиа л дагана" гэсэн юм.
undefined
2021 он хүртэл Богд хан уулын 37 аманд 2000 гаруй тусгай зөвшөөрлөөр нийт 231.2 га газар олгосон байна. Тусгай хамгаалалттай газарт Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага буюу Байгаль орчны сайдын тушаалаар тусгай зөвшөөрөл олгодог. Өнгөрсөн хугацаанд Н.Батцэрэг, Д.Оюунхорол, Л.Гансүх сайд нарын үед хамгийн их газрын зөвшөөрлийг Богд хан уулын амуудад олгожээ. Тухайлбал, Н.Батцэрэг сайдын үед 26.8 га-г, Д.Оюунхорол сайдын үед 47.5 га-г, Л.Гансүх сайдын үед 38 га-г Богдхан ууланд олгосон байна. Мөн манай УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий хүмүүс Богд хан уул орчимд хамгийн их газар эзэмшиж байгаа. Тодруулбал, Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт хамгийн том газрыг МАК ХХК-ийн захирал Н.Цэлмүүн эзэмшиж байна. Тэрээр нийт 22 га гаруй газрыг Богд хан уулын Түргэний аманд эзэмшдэг аж. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Зоригт эхнэр, гурван хүүхдийн хамт нэлээд том газар эзэмшдэг байна. Түүнчлэн Шадар сайд С.Амарсайханы ах С.Ганбат 5.9 га газар, улстөрч Т.Ганболдын ах Т.Ариунболд 4 га газар, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэрийн компани 1.2 га газар эзэмшиж байна.
Тиймээс нийслэл рүү шилжүүлж, өндөр татвар тогтоохыг парламент дэмжих нь эргэлзээтэй байгаа юм. Уг нь энэ орчмын газрыг эзэмшиж байгаа иргэд анх аялал жуулчлалын зориулалтаар газраа авсан ч үнэтэй, хаус хорооллууд барьсан.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн