Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

Rio Tinto, Glencore компаниуд нэгдэх үү

Rio Tinto, Glencore компаниуд нэгдэх үү
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 3
2024 оны сүүлээр Rio Tinto, Glencore компаниуд нэгдэж, дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох талаар урьдчилсан хэлэлцээ хийсэн ч, эдгээр яриа хэлэлцээ одоогоор амжилтад хүрээгүй байгаа билээ. Тодруулбал дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох Rio Tinto болон нүүрс, өнгөт металлын томоохон үйлдвэрлэгчдийн нэг Glencore компанийн хоорондох яриа хэлэлцээ богино хугацаанд үргэлжилсэн бөгөөд цааш хэрхэх талаар тодорхой ахиц гараагүй байгаа тухай эх сурвалж мэдээлсэн байна.
Хэрэв уг нэгдэл амжилттай болсон бол тэдний хамтарсан зах зээлийн үнэлгээ 158 тэрбум ам.долларт хүрч, уул уурхайн салбарын тэргүүлэгч BHP компанийг давж, дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох байсан.
Glencore компанийн жилийн 1 сая тонн зэсийн олборлолт, Rio Tinto компанийн 800,000 тонн олборлолт нэгдсэнээр дэлхийн нийт зэсийн долоон хувийг нийлүүлэх хүчирхэг нийлүүлэгч бий болохын сацуу дэлхийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч болох юм. Зэсийн эрэлт дэлхийн эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор эрс өсөхөөр байгаа тул энэ нэгдэл стратегийн хувьд ихээхэн ач холбогдолтой билээ. Түүнчлэн Glencore, Rio Tinto хоёрын маркетинг, борлуулалтын үйл ажиллагааг нэгтгэснээр 1 тэрбум ам.долларын зардлын хэмнэлт гарах боломжтой гэж судлаачид үзэж байна.
Glencore компани 2014 онд Rio Tinto-д нэгдэх санал тавьж байсан ч Rio Tinto хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцэхгүй хэмээн татгалзсан байдаг. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт нэгдэл, худалдан авалтын үйл ажиллагаа идэвхжиж байна. Жишээлбэл, BHP компани “Anglo American” компанийг 49 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан ч амжилттай хэлцэл болж чадаагүй. Харин Glencore компани “Teck Resources”-ийн Канад дахь нүүрсний уурхайнуудыг 7 тэрбум ам.доллароор худалдан авсан. Rio Tinto саяхан 9.9 тэрбум ам.доллароор “Arcadium Lithium”-ийг худалдан авсан тул дахин томоохон хэлэлцээр хийх сонирхол бага байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.
Rio Tinto нь Glencore-ийн өндөр зэрэглэлийн зэсийн хөрөнгүүд болох Чили улс дахь Collahuasi, Перу дахь Antamina уурхайнуудад ач холбогдол өгч байгаа боловч Африкийн Ардчилсан Конго дахь нүүрсний бизнесийг сонирхохгүй байх магадлалтай. Учир нь Rio Tinto өнгөрсөн 10 жилийн хугацаанд нүүрсний салбараас гарсан.
Судлаач, шинжээчид Glencore, Rio Tinto компанийн нэгдлийн талаар янз бүрийн байр суурь илэрхийлсэн юм. Гол шүүмжлэл, дүгнэлтүүдийг доор нэгтгэн хүргэж байна.
Компанийн соёлын ялгаатай байдал
Rio Tinto нь илүү консерватив, тогтвортой удирдлагатай, урт хугацааны хөрөнгө оруулалтад төвлөрдөг бол Glencore компани илүү эрсдэл өндөртэй худалдааны стратеги баримталдаг. Шинжээчид эдгээр соёлын ялгаа тус нэгдлийн гол саад болно гэж дүгнэжээ.
Зохицуулалтын асуудал
Хэрвээ уг нэгдэл амжилттай болбол олон улс, тэр дундаа Австрали, Хятад, АНУ зэрэг зах зээлүүдийн зохицуулагч байгууллагууд үүнийг монополын эсрэг хууль зөрчсөн гэж үзэх магадлалтай. Ялангуяа зэсийн зах зээл дээр давамгайлагч байр суурьтай болох нь улс орнуудад эрсдэлтэй гэж судлаачид дүгнэж байна.
Санхүүгийн ашиг сонирхол ба хөрөнгө оруулагчдын хандлага
Glencore компанийн зарим хөрөнгө оруулагч нэгдлийг дэмжиж байсан ч Rio Tinto-ийн хувьцаа эзэмшигчид, ялангуяа Австралийн томоохон хөрөнгө оруулагчид уг нэгдлийг эсэргүүцэж байв. Шинжээчид нэгдэл амжилттай болбол зэсийн зах зээлд ноёрхол тогтоох боломжтой гэж харсан ч, урт хугацааны эрсдэл өндөртэй гэж үзсэн.
Шинжээчдийн байр суурь:
"Tribeca Global Natural Resources Fund"-ийн хөрөнгө оруулалтын менежер Ben Cleary уг нэгдлийг хоёр компанийн хувьд ашигтай шийдэл гэж үзсэн.
"Энэ талаар сүүлийн 10 жилийн турш үе үе ярилцаж ирсэн. Уг үйл явдал Rio Tinto болон Glencore-ийн аль алинд нь асуудлыг шийдэх гарц болж чадна."
"Equity Trustees Asset Management"-ийн захирал Chris Haynes үүнийг хангалттай үндэслэлтэй стратеги биш гэж үзэж байна.
"Энэ хоёр компанид нэгдэх тодорхой шалтгаан харагдахгүй байна. Дээрээс нь Rio Tinto-д стратегийн маш том өөрчлөлт болохоос гадна хэрэгжихэд хүндрэлтэй."
"CreditSights"-ийн шинжээч Wen Li:
"Стратегийн хувьд Rio Tinto компани Glencore-ийн зэсийн хөрөнгийг сонирхож байж магадгүй. Учир нь энэхүү жишээ тогтвортой зах зээлд чиглэсэн, ирээдүйтэй металлуудыг хөгжүүлэх компанийн зорилготой нийцэж байна."
"RBC Capital Markets"-ийн шинжээч Kaan Peker:
"Томоохон уул уурхайн компаниуд бүгд зэсийн олборлолтоо өргөжүүлэхийг хүсэж байна. Тиймээс Rio Tinto, Glencore нэгдэх нь энэ чиглэлийн том алхам байж болох юм. Зэс болон хөнгөн цагааны салбарт тодорхой давуу талууд бий болох боломжтой."
Боломжит ирээдүйд Rio Tinto, Glencore компаниуд нэгдсэнээр зөвхөн зэсийн салбарт бус, төмрийн хүдэр, хөнгөн цагаан, цайр, нүүрсний салбарт ч мөн тэргүүлэх байр суурь эзлэх магадлалтай. RBC-ийн тооцоолсон нэгдлийн дараах орлогын бүтцийг авч үзвэл:
  • 36% - Төмрийн хүдэр
  • 20% - Зэс
  • 19% - Нүүрс
Glencore, Rio Tinto-ийн нэгдэл Оюу толгой төсөлд нөлөө үзүүлэх үү?
Оюу толгойн хувьд дэлхий дээрх хамгийн том зэсийн төслүүдийн нэг бөгөөд Rio Tinto-ийн шууд удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэв энэ хоёр компани нэгдвэл Оюу толгойд дараах хоёр гол өөрчлөлт гарах боломжтой.
1. Оюу толгой дахь Glencore-ийн оролцоо нэмэгдэнэ
Rio Tinto компани Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг. Харин Glencore дэлхийн хамгийн том зэсийн компаниудын нэг бөгөөд олборлолтоос гадна тээвэр, борлуулалт, зах зээлд нийлүүлэлт дээр асар их нөлөөтэй. Нэгдлийн үр дүнд Glencore-ийн арилжааны стратеги Оюу толгойд орж ирнэ гэж үзэж болно. Ингэснээр зэсийн борлуулалтын сувгуудыг нэмэгдүүлж болох ч Монгол Улсын Засгийн газрын хяналт, зохицуулалтад өөрчлөлт оруулж магадгүй. Оюу толгой ордын ид идэвхжлийн үе 2028 оноос эхлэх бөгөөд 2036 он хүртэл жилд 500 мянган тонн цэвэр зэс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ.
2. Монголын Засгийн газартай хийх хэлэлцээрт өөрчлөлт орж магадгүй
Оюу толгой Монголын Засгийн газрын 34 хувийн оролцоотой томоохон төсөл тул бүх хэлэлцээр нарийн тооцоотой явагддаг. Rio Tinto-гийн хувьд тогтвортой хөрөнгө оруулалт хийх стратегитай учраас Монголын талтай урт хугацааны харилцааг эрхэмлэдэг. Тэгвэл Glencore илүү түргэн шуурхай үр ашгаа өгөх ашгийн төлөөх, эрсдэл өндөртэй хэлэлцээрүүдийг хийдэг компанийн соёлтой байна. Тиймээс Монголын талтай хийх гэрээ, нөхцөлд хатуу өөрчлөлт орж болзошгүйгээс гадна ашиг хүртэх хувь, татвар, борлуулалтын гэрээ дээр Glencore илүү эрчимтэй байр суурь баримтлах магадлалтай.
Эдгээр үйл явдлууд нь эрчим хүчний шилжилтэд чухал металлын эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой юм. Гэсэн хэдий ч энэ мэт томоохон нэгдэл, худалдан авалтууд нь соёлын ялгаа, стратегийн зөрүү зэрэг олон сорилттой тулгардаг тул амжилттай хэрэгжих нь ховор байдаг. Glencore, Rio Tinto-гийн нэгдэл уул уурхайн салбарт түүхэн том нөлөө үзүүлэх байсан ч дээрх шалтгаануудаас болж бодит ажил хэрэг болж чадаагүй, хэлэлцээ зогсонги байдалд байна гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн