УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.-Газрын тосны үйлдвэрийн нэмэлт санхүүжилтийг УИХ соёрхон баталсантай холбоотойгоор 2025 оны төсөвт тодотгол хийнэ гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. Та төсөвт тодотгол хийхийг Та дэмжих үү?-Энэтхэгийн Засгийн газрын зээлийн хэлэлцээрийг УИХ баталсан. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт өмнө нь тооцож байснаас 400 гаруй сая ам.доллароор нэмэгдсэнтэй холбоотойгоор төсөвт тодотгол хийх шаардлагатайг Сангийн сайд хэлсэн.Би Сангийн сайдын ярьж байгааг ойлгохгүй байгаагаа байнгын хорооны хурал дээр ч хэлсэн. Нэгд, Энэтхэгийн Засгийн газраас зээлийн хэлэлцээрийг баталгаажуулсан шийдвэр манай Засгийн газарт арваннэгдүгээр сарын 26-нд ирсэн юм байна лээ. Ерөнхийлөгч төсөвт хориг тавиад Засгийн газрын дахин өргөн барьсан төсвийг арванхоёрдугаар сарын 4-нд УИХ баталсан. Шинэ төсөв өргөн барихад зээлийн хэлэлцээрийг яагаад оруулж ирээгүйг би гайхаж байгаа. Үүнийг Сангийн сайдаас асуухад тодорхой хариулт өгөөгүй. Хоёрт, арваннэдүгээр сарын 26-нд Энэтхэгийн талаас ирсэн зээл зөвшөөрсөн мэдэгдлийг яагаад Засгийн газрынхаа хуралд нэгдүгээр сарын 8-нд оруулаад УИХ-д 14-нд өргөн барьсан юм бэ. Ингээд шинэ төсвийн хууль хэрэгжиж эхлээд дөнгөж 15-хан хонож байхад ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж байгааг би үнэндээ ойлгохгүй байгаа. Төсөв гэдэг бол аль нэг яамны тоглоом биш. Дураа хүрэхээр өөрчилдөг ч хууль биш. Энэ бол тухайн жилийн Монгол Улсын зорилт, зорилго, хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг. Энэ хуулиа Сангийн яам бүтэн жил боловсруулдаг. Гэтэл ийм хариуцлагагүй хандаж болохгүй. Санаатай юу, санамсаргүй юу, би мэдэхгүй. Ямар ч байсан энэ асуудалд Сангийн сайд тодорхой хариулт хэлээгүй. Хаврын чуулганаар төсвийн тодотгол өргөн барина гэвэл би хувьдаа дэмжихгүй.