АНУ-ын зүгээс Украиныг энэ оны эцэс гэхэд сонгууль явуулахыг хүсэж байгаа тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Орос, Украины асуудал хариуцсан дээд албан тушаалтан Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Тэрээр хэрэв Киев ойрын саруудад ОХУ-тай гал зогсоох тохиролцоонд хүрвэл сонгуулийн ажил боломжтой болно гэжээ. Түүнчлэн ОХУ-тай хийж буй дайны улмаас түдгэлзүүлээд байсан Украины ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг "заавал хийх ёстой" гэж онцолжээ.
"Ихэнх ардчилсан улс орнууд дайны үеэр ч сонгууль явуулдаг. Үүнийг их чухал гэж бодож байна. Учир нь ардчиллын амин сүнс энэ шүү дээ. Ардчилсан нийгэмд нэг хүнээс илүү олон хүн сонгогдох боломжтой байдаг нь сайхан зүйл" гэж Дональд Трампын Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кэйт Келлогг хэлжээ.
Трампын шинэ засаг захиргаа Орос-Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрэх төлөвлөгөө боловсруулж байгаа гэж албаныхан мэдэгдсэн боловч уг мөргөлдөөнийг зогсоох стратеги, төлөвлөгөөний талаар цөөн хэдэн мэдээлэл өгөөд байгаа билээ. Түүнчлэн дэлхийн II дайнаас хойш Европт тохиосон хамгийн их хохиролтой энэ мөргөлдөөнийг хэрхэн дуусгах, хэзээ энэхүү төлөвлөгөөг зарлах талаар тодорхой мэдээлэл хараахан өгөөгүй байгаа юм.
Трампын төлөвлөгөө одоогоор боловсруулалтын шатанд байгаагаас гадна албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгаа хэдий ч Келлогг болон Цагаан ордны бусад албан тушаалтнууд сүүлийн өдрүүдэд Украиныг сонгууль явуулахыг ятгах талаар хэлэлцсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн Трампын засаг захиргааны албан тушаалтнууд эхлээд түр гал зогсоох хэлэлцээр байгуулах уу, эсвэл энхийн тохиролцоонд хүрэхийг зорих уу гэдгийг хэлэлцэж байгаа гэж дээрх эх сурвалж мэдээлсэн байна. Хэрэв Украины ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдвал ялсан нэр дэвшигч нь ОХУ-ын засаг захиргаатай урт хугацааны энхийн хэлэлцээр байгуулах үүрэг хүлээх магадлалтай гэж тэд онцолжээ.
Гэсэн хэдий ч ийм санал гаргавал Украины зүгээс хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна. Ерөнхийлөгч Владимир Зеленский хэрвээ мөргөлдөөн бүрэн дуусаж, ОХУ дахин довтлохоос сэргийлэх хүчтэй баталгаа бий болбол Украин энэ онд сонгууль явуулах боломжтой гэж өмнө нь мэдэгдэж байсан.
Украины засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр Трампын засаг захиргаа Украиныг энэ оны эцэс гэхэд сонгууль явуулахыг албан ёсоор шаардаагүй байна.