ХӨСҮТ-ээс 2025, 2026 он менингококкт халдварын дэгдэлтийн жил гэж зарласан. Өвөл, хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Энэ онд менингококкт халдвараар нэг хүүхэд нас барлаа. Иймд менингококкт халдварын өвчлөл, шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн их эмч Л.Хуягбаатартай ярилцлаа.
-Юун түрүүнд менингококкт халдварын үүсгэгч, халдвар тархах замын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юү?
-Энэ өвчнийг иргэд “Цахилгаан менингит” гээд нэрлэдэг. Цахилгаан гэдэг нь болохоор хүүхдийн өвчнийг хүндрүүлнэ гэсэн утгатай. Тэгэхээр энэ өвчин эхэлснээс хойш 2-8 цагийн дотор хүүхдийн шокийн байдалд оруулдаг. Магадгүй эмчилгээ жаахан хоцорвол хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюул учруулдаг эрсдэлтэй. Менингококкт халдвар жил бүр тодорхой хэмжээнд бүртгэгдэж байгаа. Ялангуяа арванхоёрдугаар сараас дөрөвдүгээр сард тодорхой хэмжээний тоогоор бүртгэгдэж байна. Энэ халдвараар нас харгалзахгүй хүн бүр өвчлөх эрсдэлтэй. Гэхдээ хамгийн эрсдэлт бүлэг нь 5-аас доош насны хүүхдүүд байна. Энэ өвчин нь нянгаар үүсгэгдэж агаар, дуслын замаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчин. Менингококкт халдвар нь өвчтэй хүнээс эсвэл нян тээгч байдлаар явж байгаа хүмүүсээс бусдад халдварлаж байна. Олон улсад нийт насанд хүрсэн хүмүүсийн 10 орчим хувь нь менингококкт халдварын үүсгэгч нянг хамар, залгиуртаа архаг байдлаар насан туршдаа тээгээд явдаг гэсэн судалгаа бий. Монгол Улсын хувьд амны хөндийн эрүүл ахуйн байдал дутмаг байдаг учраас халдварт өвчин үүсгэгч нян тээвэрлэж байгаа байдал нь илүү өндөр байдаг. Ер нь амны хөндийн ариун цэвэр, эрүүл ахуйн асуудал хаягдаад байгаа. Тодруулбал, хоолой, шүд, хамар, залгиурын өвчлөл гэх мэтчилэн хаягдаад байгаа учраас менингококкт халдвар жил бүр бүртгэгдээд байна. Өнгөрсөн жилд гэхэд 3 бүртгэгдсэн.
-Менингококкт халдвараар өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдгүүд илрэх вэ?
-Өвчнийг илтгэх эхний шинж тэмдэг бол ямар нэгэн шалтгаангүйгээр гэнэт маш өндөр халуураад, халууны эмдээ халуун нь буухгүй байх. Эсвэл нэг, хоёр цагийн дараа дахин, дахин өндөр халуурна. Хэрэв энэ шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эцэг эхчүүд хүүхдийнхээ хувцсыг бүрэн тайлаад, ялангуяа доод мөчөөр ямар нэгэн өвөрмөц тууралт гарч байна уу гэдгийг маш сайн ажиглах нь чухал. Ер нь улаан, ягаан өнгийн жаахан хөхөлбөр зөв бус хэлбэртэй, том, жижиг толбон тууралтууд гарч эхэлдэг. Үүнийг зарим хүмүүс харахдаа ямар нэгэн зүйлд цохиод хөхөрсөн юм уу гэж андуурмаар тууралтууд байдаг. Өндөр халуураад ийм тууралтууд гарч эхэлбэл яаралтай өөрт хамгийн ойр байрлах эрүүл мэндийн төвд хандаж анхны тусламж авч, ялган оношилгоог хийлгэх нь чухал.
Менингоккт халдвар нь дангаараа болон менингиттэй хавсран явдаг. Тухайлбал, хавсарсан тохиолдолд тархи, тархины зөөлөн эд, хатуу бүрхүүл, менингит шинж тэмдгүүд хавсарч илэрнэ. Хэрэв ингэвэл толгой хүчтэй өвдөх, бөөлжих, нүд гялбах, хүзүүний хөшингө үүсэх, унтаа байдалд орох гэх мэтчилэн зовууриуд илэрнэ. Иргэд гэнэт халуурах болон тууралт байна уу гэдэгт илүү анхаарах хэрэгтэй. Тэгээд яаралтай эрүүл мэндийн төвд хандаад яг аль нь вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай.
-Менингитээр өвдсөн тохиолдолд нас барах эрсдэл 15, хөнгөн өвдсөн тохиолдолд 40, хүнд өвдсөн бол 95-100 хувь нь нас бардаг гэсэн дүгнэлттэй хүнд өвчин гэдэг. Ер нь эмчлэх боломжтой юу?
-Цаг алдалгүй эмчилгээгээ эхлүүлэх нь чухал. Эрт эмчилгээгээ эхэлж чадвал энэ өвчин эмчлэгдэх боломжтой, эмчлэгддэг. Эмчилгээ оройтсоноос шалтгаалаад эрүүл мэнд, амь насанд аюул учрах тохиолдол байдаг.
-Менингококкт халдварын вакцин хүүхдийн товлолт вакцинд ороогүй байдаг. Вакцины талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
-Дархлаажуулалт нь сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа. Нэг удаагийн вакцин энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх 2-3 жилийн дархлааг үүсгэдэг. Вакциныг өвчний идэвхжилт эхлэхээс өмнө буюу намрын улиралд хийдэг. Бүх насныхан хамрагдах боломжтой.
-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Менингококкт халдварыг үүсгэгч нян гадаад орчинд харьцангуй тэсвэр муутай. Тэгэхээр агаар дуслын замаар буюу хүнээс хүнд халдварлах магадлал өндөр. Иймд хувийн ариун цэвэр, эрүүл мэндийн сахилга бат хамгийн чухал. Насанд хүрсэн хүмүүс өөрсдөө мэдэхгүй нян тээгч байдлаар явж байх магадлалтай болохоор амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Хоёрдугаарт, гараа хөөсрүүлж сайн угаагаарай. Мөн өрөө тасалгаа, анги танхимдаа агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийгээрэй. Нойтон цэвэрлэгээг ойр ойрхон хийх хэрэгтэй. Түүнчлэн, томчууд бага насны хүүхдүүдийг үнсэх тохиолдол их байдаг. Энэ нь шүлсээр амны хөндийд байгаа нян тээгчийг дамжуулдаг. Иймд хүүхдүүдийг үнсэхгүй, амнаас ам дамжин хооллохгүй, хоолыг үлээж хөргөдөггүй байх хэрэгтэй. Мөн аяга, халбага бусад эд зүйлийг амнаас ам дамжуулан хэрэглэдэггүй байх хэрэгтэй. Ер нь амны хөндийн нян, бактерийг бага насны хүүхдэд өгөхгүй байх тал дээр онцгойлон анхаарах нь чухал.
Дараагийн анхаарах зүйл бол амны хөндий болон хамрын хөндийн ариун цэвэр. Ам зайлагч уусмалаар өглөө босоод, орой унтахдаа, гадуур явж байгаад гэртээ орж ирээд хүн бүр ам зайлж хэвших хэрэгтэй. Ам зайлагчаа амандаа 2-3 минут байлгаж зайлах хэрэгтэй. Мөн хамраа угааж занших хэрэгтэй. Хамар угаана гэдэг халдвараас урьдчилан сэргийлж байгаа энгийн үйлдэл. Ингэж чадвал халдварт өвчин буурна.