Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, дүүргийн онцгой комиссоос олон нийтийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарлаад байгаа.
Хүүгийн халдварын тохиолдол шинжилгээгээр батлагдсан бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа талаар өчигдөр /2025.01.30/ Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн. Менингококкт халдвар авсан хүү амь тэмцсэн биеийн байдалтай байж байгаад өнөөдөр үдээс өмнө эндсэн талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Түүнчлэн, 2024 онд менингитийн халдварын 5 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд лабораторийн шинжилгээгээр тохиолдол бүртгэгдэж, эдгэрээд гарсан байна. Харин 2025 онд хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдээд, түүний нэг нь эндлээ. Өчигдөр Баянгол дүүргээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээд лабораторын шинжилгээ нь явагдаж байгаа аж. Одоогоор ЭХЭМҮТ-д онош тодруулахаар нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа юм байна. Мөн 2025, 2026 оныг менингоккт халдварын дэгдэлтийн жил гэж зарлалаа.