УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуультай хамтран Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Монголын МГИМО төгсөгчдийн холбооны дэмжлэгтэйгээр “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” сэдэвт онол-практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр нэгдүгээр сарын 29-нд Төрийн ордонд зохион байгууллаа. Тус хурал дээр илтгэлээ танилцуулсан эрдэмтэн судлаачдын ярианаас товчлон танилцуулъя.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн Аюулгүй байдлын бодлогын ахлах шинжээч, доктор Г.Базарваань - “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг гадаад бодлогын арга хэрэгслээр хангах нь”
-Олон улсын аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж байгаа учраас шинэ сорилт бэрхшээлүүдийг судлах, урьдчилан харах шаардлага бидний өмнө тулгарч байна. Олон улсын харилцаанд улс орон хэрхэн оролцох нь гадаад бодлогоос шууд хамаардаг билээ. Үндэсний язгуур эрх ашиг бол гадаад бодлогын гол цөм ойлголт төдийгүй үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн элемент болдог.
Гадаад бодлогыг хэрэгжүүлэх олон янзын хэрэгсэл байдаг. Үүнээс гадаад бодлогын шууд бус хэрэгсэлд олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх тухайн улсын байр суурь, эвсэл холбоотны харилцаа, олон улсын статус жин нөлөө, цэрэг армийн хүчин чадал зэрэг багтдаг. Манай улсын тухайд ардчилал гадаад бодлогыг хэрэгжүүлэх шууд бус хэрэгсэл болдог гэж үзэж болно.
Харин шууд хэрэгсэлд дипломат ажиллагаа, яриа хэлэлцээр, хамтын ажиллагаа багтаж байна. Монгол улсын хувьд хоёр хөршийн ашиг сонирхлын тэнцвэрийг хадгалах явдал нэн чухал билээ. Дээрээс нь аюулгүй байдлыг хангахад энх тайвныг цогцлоох хүчин чармайлт өндөр ач холбогдолтой. Тухайн улсын гадаад бодлогын хэрэгсэл гадаад бодлогын тэргүүлэх зорилттой яавч харшлах ёсгүй. Гуравдагч хөршийн бодлого гэж хоёр хөршийн ашиг сонирхлын тэнцвэрийг хадгалах гадаад бодлогын хэрэгсэл болохоос хоёр хөршийн эсрэг чиглэж гуравдагч хөршид таатай байдал үүсгэдэг бодлого огт биш. Шувууны далавчаар зүйрлэвэл хоёр хөрш нэг далавч нь, гуравдагч хөрш нөгөө далавч нь болно гэсэн үг.
Дэлхий нийтийн өнөөгийн байдлыг харахад эсрэгцсэн тогтолцоо, дэлхийн шинэ дэг журам үүсэх вий гэсэн айдас давамгайлж байна. Бидний амьдарч байгаа энэ цаг үеийг шинэ тэнцвэрийн үе гэж нэрлэж болно. Манай хоёр хөрш илт эсрэгцсэн байдалтай байдаг. Ийм нөхцөл байдалд яаж тэнцвэрийг нь хангах вэ гэдгийг бодох шаардлага үүсэж байна. Дээрээс нь гуравдагч хөршийн бодлогод цаг хугацааны хязгаарлалт тавих боломжгүй. Харин дотор нь ил гарах, эрчимжүүлэх, сааруулах гэх мэт стратегийн удирдамж боловсруулах боломж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч, доктор Ё.Жаргалсайхан - “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн арга хэрэгслээр хангах нь”
-Ковидын үеэр тээвэр логистикийг хөгжүүлэх боломж багассан учраас манай улсын тээврийн салбар улам хоцрогдолд орсон. Тиймээс тээврийн салбарыг хөгжүүлэх төрөл бүрийн арга хэмжээг авч эхэлсэн. Ковид-19 цар тахлын үе нэг талаараа хүндрэл бэрхшээл учруулсан ч нөгөө талаараа гарц хайх боломж олгосон гэж бодож байна. Түүнчлэн Орос, Украины мөргөлдөөнөөс үүдэн олон улсаас Орост тавьсан хориг арга хэмжээнүүд манай улсад дам байдлаар нөлөөлөх болсон.
Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын хувьд бага, байгалийн асар их баялагтай бөгөөд өнгөрсөн жилийн байдлаар 57 сая малтай гэж тоологдсон. Ийм их баялагтай байж дэлхийн бага хөгжилтэй орнуудын тоонд орж явдаг нь харамсалтай.
Манай улс экспортынхоо 91 хувийг Хятад руу гаргаж байна. Өнгөрсөн 2024 онд 160 улстай гадаад худалдаа хийснээс гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн баяжмал дангаараа нийт экспортын 76 хувийг эзэлж байна. Тэгвэл манай улс өнгөрсөн жил 11 орчим тэрбум долларын импортын бараа татсан. Энэ дундаас импортын гол бүтээгдэхүүн нь түлш шатахуун байна.
ОХУ-аас 2 тэрбум 27 сая долларын түлш шатахуун авсан нь нийт импортын 20.5 хувь байгаа аж. Үүнээс харахад манай улс түлш шатахуун, цахилгааны хувьд нэг улсаас бүрэн хамааралтай байна. Хэчнээн түүхий эд байхгүй ч гэсэн үүнийгээ хангах найдвартай эх сурвалж олон нь аливаа улс орны аюулгүй байдалд чухал нөлөөтэй байдаг.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор А.Даваасүрэн - “Монгол Улс, ОХУ-ын худалдаа-эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан асуудал”
-Монголд махны асуудал, ноос ноолууран бүтээгдэхүүний асуудал байнгын явж байдаг. Оросууд хэзээ газрын түлшээ, цахилгаанаа таслах бол гэх айдас одоо ч байсаар байна. Манай улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах юм бол маш олон боломж нээгдэхээр байна. Учир нь Сибирь, Алс Дорнодын ард иргэд манай ноос ноолууран бүтээгдэхүүнд дуртай байдаг. Гэвч худалдааны тариф, гаалийн асуудал хүндрэлтэй байдаг учраас тус бүс нутагт төдийлөн худалдаалж чаддаггүй.
Гэхдээ нэг талаас Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд гишүүнээр ороход эрт байна. Харин оронд нь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал тус холбооны хөнгөлөлтийн системийн давуу талыг ашиглаж, экспортын бүтээгдэхүүнийхээ тарифыг тэглэх боломж бүрдэх юм. Мах махан бүтээгдэхүүний хувьд зөвхөн Казахстан, Орос гэсэн хоёр зах зээл байсан бол одоо долоо найман зах зээл гаргах боломж бүрдээд байна.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр - “Монгол Улсын Гадаад бодлогын шинэ парадигм: Сорилт, ололт, тулгамдаж буй асуудал”
-Олон улсын харилцаанд туйлшрах хандлага гүнзгийрч байна. Ийм үед гадаад харилцаагаа эрсдэлгүй хөгжүүлэх явдал маш чухал болсоор байна. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн чухал арга бол тэнцвэртэй гадаад бодлого юм. Одоогоор Монгол Улсын гадаад бодлогод хамгийн тулгамдаж буй асуудалд АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн гадаад бодлого, Орос, Өрнөдийн сөргөлдөөн, Хятад АНУ-ын худалдааны дайн, улс төрийн тогтворгүй байдал зэрэг багтаж байна. Түүнчлэн Монгол-Америкийн хэтийн төлөв гэж 30, 40 жилээр нь ярьдаг байсан бол дэлхий хурдацтай өөрчлөгдөж буй одоо үед ойрын 5 жилээр төлөвлөх шаардлага бий болж байна.
Монгол Улсын газарзүйн байршил, геополитикийн үнэлгээ өөрчлөгдөж байна. Далайд гарцгүй, дэлхийн зах зээлээс алслагдсан, хоёр их гүрний дунд хашигдсан, хөгжлийн тусламж горилогч, буурай хөгжилтэй, бага жижиг улс хэмээн онцолж байсан Монгол Улсын газарзүйн байршлын геополитикийн тодорхойлолт хуучирч байна. Олон улсын хэвлэлд Монгол Улсыг зүйрлэхдээ “аварга баавгай, аварга лууны дунд бүжиглэж буй одой морьхон хэмээн бичсэн нь тун хангалтгүй бөгөөд харин ч Asian Galloper буюу Азийн шандаст хүлэг улс руу тэмүүлж буй хэмээн бичих нь зүйд нийцнэ. Монгол Улс өнөөдөр далайд гарцгүй ч холболтын байршилтай, цөмийн зэвсгээр хүрээлэгдсэн ч нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгож зарласан, хоёр их гүрнээр хүрээлэгдсэн ч хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийг баталсан байдалтай байгаа билээ. Манай улсын хамгийн том ололт бол Зүүн Хойд Ази, Төв Азид газар нутгийн аливаа маргаангүй цорын ганц улс гэдэг маань юм.