Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэх эрхийг нь өгөх шийдвэрийг өнөөдөр гаргасан. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Нарантуяа-Нара нар өвлийн морин уралдааныг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Засгийн газрын зарласан тогтоол, шийдвэртэй бол уяачид цол, тэмдэг олгодог хуультай. Иймд уяачид Засгийн газрын шийдвэр гаргах, гаргуулах асар хүчтэй лобби явуулж байгаа.
Хоёрдугаарт, 2004 оноос хойш ХЭҮК болоод хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллагууд, олон улсын хүний эрхийн байгууллагууд тэмцэж ирсэн байдаг. Харамсалтай нь, үе үеийн Засгийн газрууд үл тоомсорлож ирсэн учраас 2017 онд хамгийн анхны шүүхдэх үйл ажиллагаа явагдсан байдаг. Бид 20 жилийн өмнөх нөхцөл байдал руугаа ухарсан учраас үйл явдлыг дахин сануулах нь зүйтэй гэж бодож байна. Тухайн үед 12 иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд шүүхэдсэн. Хурдан морины уралдааныг хавар зохион байгуулах нь зөвхөн эрүүл мэнд, амь насны асуудал биш. Харин хүүхдийн сурч боловсрох эрх, орон нутгийн иргэдийн боловсрол, хөгжил, жендерийн эрх тэгш байдал, хүний эрхийн суурь зарчмын асуудал хөндөж байгаа юм. Бидний тэмцэл бол өв соёлыг устгах гэсэн агуулга, зорилттой үйл ажиллагаа биш. Өвөл, хаврын хурдан морины уралдаанаа болиоч ээ. Зуны дэлгэр цагтаа уламжлалт арга, соёлоороо хурдан морины уралдааны соёлоо тээж авч яваач гэж байгаа.
Анхан, дунд, Улсын дээд шүүх, Давж заалдах шүүхийн шийдвэрийн гарсан. Засгийн газар шүүхийн өмнө очиж иргэний нийгмийн төрийн бус байгууллагуудтай эвлэрлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ Засгийн газар дахиж хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсрол гээд хүүхдийн эрхийн эрсдэлтэй нөхцөл байдалд оруулахгүй гэдгээ хэлсэн. Бид өмнө нь хүүхдийн эрхийг зөрчиж байсан байна гэдгээ 2019 онд хүлээн зөвшөөрч тогтоолоо гаргасан.