Монголын говиос олдсон 92 см өргөнтэй хөлийн мөр хараахан араг ясыг нь олж илрүүлээгүй байгаа хамгийн том хоёр хөлт үлэг гүрвэлийнх байх магадлалтай ажээ. Аварга үлэг гүрвэлүүдийн тухай ярихад хүмүүс ихэвчлэн Тиранозавр Батаар шиг аварга махчин эсвэл Брахиозавр, Диплодок зэрэг урт хүзүүтэй сауроподуудыг төсөөлөх хандлагатай байдаг. Гэвч хүмүүсийн тэр бүр дурдаад байдаггүй, аварга биетэй болтлоо өссөн өөр нэгэн бүлэг бол Хадрозаврууд юм. Тус аварга хөлийн мөрүүд нь зауролофус хэмээх хадрозаврын төрөлд хамаарахыг шинжээчид тогтоосон байна.
Тэднийг ихэвчлэн нугасан хошуут үлэг гүрвэлүүд гэж нэрлэдэг. Тус бүлгийн алдартай төлөөлөгчид болох Эдмонтозавр, Паразауролофус зэрэг өвсөн тэжээлтнүүд хатуу ургамлыг нунтаглах зориулалттай олон тооны шүдтэй байсан бөгөөд анхны зажлах чадвартай амьтдын нэг байв.
Хамгийн том зүйл болох Шантунгзавр нь 15 метр өндөр, 12-20 тонн жинтэй байсан нь Тиранозаурус батаараас урт, 2-3 дахин хүнд жинтэй байжээ. Хадрозаврууд хоёр хөлт амьтан бөгөөд хоёр юм уу дөрвөн хөл дээрээ алхаж чаддаг. Тиймээс хамгийн том хадрозаврууд урьд өмнө нь байгаагүй хамгийн том хоёр хөлт амьтад байсан гэсэн үг. Мөн Монголд мөрөө үлдээсэн үлэг гүрвэлийн хэмжээ Шантунгзавртай өрсөлдөхүйц байгаа юм.
Үлэг гүрвэлийн мөрийг 2018 онд илрүүлж, 2024 оны зургаадугаар сард судалгаа шинжилгээний ажлыг явуулж дууссан байна. Судалгааны багийнхан нийтдээ 14 мөрний зам илрүүлсэн бөгөөд нэг нь 24 метр үргэлжилсэн, 13 мөрөөс бүрдэх тасралтгүй зам байжээ. Эдгээр мөр бүрийн өргөн нь 85 см байсан байна.
Окаямагийн их сургуулийн Үлэг гүрвэлийн судалгааны захирал Шинобу Ишигакигийн хэлснээр уг зам палеонтологичдод "Биеийн байдал, алхах хэв маяг, хурд, бүлгийн зан байдал зэрэг араг ясны олдворуудаас олж тогтоох боломжгүй нарийн ширийн мэдээллийг судлах боломж олгодог” гэжээ. Тэрээр "Бидний дараагийн зорилго бол уг аварга нугасан хошуут үлэг гүрвэлийн араг ясыг бүхэлд нь илрүүлэх явдал юм" гэж мэдэгджээ.