Сүүлийн өдрүүдэд өвөл, хаврын морин уралдааныг сэргээх ёстой, ёсгүй гэсэн маргаан олон нийтийн дунд өрнөөд буй. “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээх эсэх нь өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тодорхой болох юм.
Уяачдын зүгээс хаврын уралдаан болох Дүнжингарав уралдааныг сэргээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, Сүхбаатарын талбайд морьтой жагсаал ч зохион байгуулсан. Монголын морин спорт уяачдын холбоо нь 21 аймаг 330 сум, 9 дүүрэг, нийслэлд салбар зөвлөлтэй хамгийн том холбоо бөгөөд 440 мянга орчим гишүүдтэй аж.
Өвөл, хаврын морин уралдааныг зохион байгуулж болохгүй, амины үнэтэй гашуун сургамж, сэтгэл эмзэглэм тоо баримт бий.
Тодруулбал, 1996-2019 онд хурдан морины уралдааны явцад нийт 40 хүүхэд амь насаа алдаж, зохион байгуулагч болон оролцогч талууд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироож хууль зөрчсөн. Тухайлбал, 2018 онд 491 уралдаан болж 11328 хүүхэд унаж уралдсанаас 661 нь мориноос унасан 98 нь бэртэж гэмтсэнээс хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй болж, нэг хүүхэд амиа алдсан.
2019 оны нэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд морины жүчээнээс морьтойгоо буцаж явсан 10 настай хүү 20-30 метрийн зайтай соёолон насны морины сунгаанаас ханарч давхисан моринд дайрагдан нас барсан.
“Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолын төслийн ХНХ-ын сайдын танилцуулгад хурдан морины уралдаантайгаар хүүхдийн эрх зөрчигдсөн, амь нас эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн жишээ баримтуудыг тодорхой дурдсан. Жишээлбэл, хүнд бэртэл авсан хүүхдийн ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөрийн чадвараа алддаг. Түүнчлэн, уралдаанч хүүхдүүдийн 20-30 хувь нь боловсрол эзэмшиж чадахгүй, эцэг эхээсээ хол, айлд амьдарч, цалинтай болон цалингүйгээр хурдан морь унаж байгаа зэргээр эрх нь зөрчигдөж буй юм.
Иймд 2017 онд "өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр 7 ТББ-ууд нэгдэж Захиргааны хэргийн шүүхэд Засгийн газрыг хариуцагчаар татан, унаач хүүхдийн эрх ашгийн төлөөх өмгөөллийг эхлүүлж байсан. Ингээд 2 жилийн турш үргэлжилсэн гурван шатны шүүх хурал, иргэдийн тэмцэл, иргэний нийгмийн байгууллагуудын нөлөөллийн ажлын үр дүнд 2019 оны нэгдүгээр сард болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай" тогтоолын төслийг баталж байв. Уг тогтоол нь хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн устгах зорилготойгоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний хугацаанд морины уралдаан, сунгаа, үсэргээ зэргийг зохион байгуулахыг хориглосон аж.
Давтагдах учиргүй түүх гэж бий. Гэтэл морин уралдаан зөвшөөрөгдсөн хугацаанд явагдаж байгаа ч өнөөдрийг хүртэл хүүхдийн эрхийг тодорхой хэмжээнд зөрчсөөр ирсэн.
Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “2022 онд 16 хүүхэд мориноосоо унаж хүнд бэртэл авсан. Түүнчлэн, 6 хүүхэд нас барсан. Харин 2023 онд 71 хүүхэд хөнгөн гэмтэл, 19 хүүхэд хүнд бэртэл авсан. Мөн 2024 онд 212 хүүхэд мориноосоо унаж 87 хүүхэд хөнгөн, 5 хүүхэд хүнд бэртэл авсан гэдэг тоо байна. Уралдаанд бэлдэх буюу үсэргээ, сунгааны үед 2024 онд 4 хүүхэд нарсан. Уяачдын 10 гаруй хувь нь л өөрийн хүүхдээр морио унуулдаг. Үүнээс гадна 2002 хүүхэд цалин урамшуулал авдаг эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, энэ талаар гэрээ байхгүй. Энэ нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг байж болзошгүй” гэсэн юм.
Үүгээр зогсохгүй НҮБ-ын Хүүхдийн сангаас хийгдсэн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх судалгаа”-ны үр дүнд хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал элбэг талаар дүгнэжээ. Хурдан морь унуулах шалтгаанаар хичээлээс чөлөө олгохыг хориглох талаар сургуулийн захиргаа, холбогдох албаны хүмүүсээс багш нарт даалгадаг хэдий ч хурдан морины эзэд тухайн аймаг сумынхаа эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүмүүс байдаг тул хурдан морийг нь унаж уралддаг хүүхдийг нь хичээлээс чөлөөлж явуулах даалгавар өгч (утсаар ярьж дарамтлах зэрэг), багш, сургуулийн ажилтнууд даалгаврыг нь үг дуугүй биелүүлэх тохиолдлууд ч гардаг байна.
Хүүхэд Үндсэн хуулиар баталгаажсан амьд явах, сурч боловсрох эрхээ бүрэн эдлэх эрхтэй. Тэдний халдашгүй дархан байдалд өв соёл нэрийдлээр халдаж болохгүй.