Сүүлийн өдрүүдэд өвөл, хаврын морин уралдааныг сэргээх ёстой, ёсгүй гэсэн маргаан олон нийтийн дунд өрнөөд буй. “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээх эсэх нь өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тодорхой болох юм. Уяачдын зүгээс хаврын уралдаан болох Дүнжингарав уралдааныг сэргээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, Сүхбаатарын талбайд морьтой жагсаал ч зохион байгуулсан. Монголын морин спорт уяачдын холбоо нь 21 аймаг 330 сум, 9 дүүрэг, нийслэлд салбар зөвлөлтэй хамгийн том холбоо бөгөөд 440 мянга орчим гишүүдтэй аж.Өвөл, хаврын морин уралдааныг зохион байгуулж болохгүй, амины үнэтэй гашуун сургамж, сэтгэл эмзэглэм тоо баримт бий. Тодруулбал, 1996-2019 онд хурдан морины уралдааны явцад нийт 40 хүүхэд амь насаа алдаж, зохион байгуулагч болон оролцогч талууд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироож хууль зөрчсөн. Тухайлбал, 2018 онд 491 уралдаан болж 11328 хүүхэд унаж уралдсанаас 661 нь мориноос унасан 98 нь бэртэж гэмтсэнээс хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй болж, нэг хүүхэд амиа алдсан.2019 оны нэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд морины жүчээнээс морьтойгоо буцаж явсан 10 настай хүү 20-30 метрийн зайтай соёолон насны морины сунгаанаас ханарч давхисан моринд дайрагдан нас барсан.