Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Л.Энх-Амгалан: Цагаан сар, наадмын амралт бямба, ням гарагт таарвал нөхөн амраадаг болно

Л.Энх-Амгалан: Цагаан сар, наадмын амралт бямба, ням гарагт таарвал нөхөн амраадаг болно
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 29
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын нийтээр амрах өдрүүд нь амралтын өдөр таарвал ажлын өдөрт шилжүүлэн нөхөн амраадаг болох саналыг танилцуулсан байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Монгол Улс 9 баяраар 16 өдөр бүх нийтээр амардаг зохицуулалттай улс. Цагаан сараар шинийн 1, 2, 3-нд амардаг. Үндэсний их баяр наамдаар 10-15-ны өдрүүдэд амардаг. Эдгээр үндэсний баярын амралттай холбоотой иргэдээс олон санал ирж байна. Шинийн 1, 2, 3 болон наадмаар амрах ёстой өдрүүд нь амралтын өдөр таарвал тухайн амралтын өдрийг нөхөн амраадаг болгох зохицуулалт хийнэ. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу ид хүйтний өвлийн амралтыг хэрхэн зохицуулж, үүнийгээ сурагчдын амралт, ханиад томууны үетэй хэрхэн уялдуулах талаар шинэ зохицуулалтыг нэмж танилцуулах үүрэг чиглэлийг Засгийн газраас өглөө.
Цагаан сар, наадмын амралтын талаар Засгийн газрын тогтоол гараагүй, шийдэгдээгүй байна. Хөдөлмөрийн хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хоёр хуульд өөрчлөлт оруулах учраас эхлээд Засгийн газар зөвшөөрөл өгсөн тохиолдолд УИХ-д өргөн барьж, УИХ-аар хууль батлагдсаны дараа энэ зохицуулалт хэрэгжинэ. Хэрвээ УИХ хаврын чуулганаар хуулиудыг баталбал наадмаар энэ зохицуулалтууд хэрэгжиж эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй.
Бидний оруулсан саналаар бол битүүний өдрийг амралтын өдөр болгохоор тусгаж байгаа. Өөрөөр Цагаан сарын амралтыг нэмэхгүй.
Хоёрт, зуны цагийн хуваарьт шилжих саналыг Засгийн газарт танилцууллаа. 1960 оноос хойш Монгол Улсын зуны цагийн хуваарьт орсон. Хармн 2017 оноос хойш зуны цагийн хуваарьт шилжихээ больсон. Дэлхийд зуны цагийн хуваарьт шилждэг 70 гаруй улс байдаг. Тэгэхээр манай улс ч зуны цагийн хуваарьт шилжих нь зөв гэж үзэж байна. Зуны цагийн хуваарь эдийн засагт тустай, бага цахилгаан хэрэглэдэг, ажил амьдралын тэнцвэр хангахад чухал нөлөөтэй зэргийг харгалзаад дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос аравдугаар сарын эхний долоо хоног хүртэл зуны цагийн хуваарьт шилжихээр ярилцлаа. Энэ асуудлыг дахин мэргэжлийн хүмүүсийн судалгаатай тооцоотой Засгийн газрын хуралдаанаар ярина.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн