Open iToim app
Засгийн газар | 4 мин уншина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөдөлгөсөн том төслүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хөдөлгөсөн том төслүүд
Нийтэлсэн 11 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байсан бөгөөд дөрөв дэх жилдээ Ерөнхий сайдаар ажиллаж байна. Ингэснээр тэрээр дөрвөн жил Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хоёр дахь хүн болж байна. Монгол Улсын түүхэнд Н.Энхбаяр хамгийн урт хугацаатай буюу дөрвөн жил 25 хоног Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм.
Тэгвэл дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манлайлал үзүүлж, цахим шилжилт хийж чаджээ. Түүнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог тогтолцоотой парламентын 126 гишүүнтэй болох өөрчлөлтийг хийсэн юм. 2024 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулж, 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарлаад эхнээс нь төслүүдийг хөдөлгөж эхлээд байна. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш хийж, хэрэгжүүлсэн том төслүүдийг танилцуулъя.

Эрчим хүчний сэргэлт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц

Эрчим хүчний салбарт ДЦС-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэн бөгөөд Амгалан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар, Чойбалсан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус өргөтгөжээ.
2023 онд 80 МВт суурилагдсан хүчин чадалтай том оврын батарей хуримтлуурын байгууламж суурилуулж, 220/110/35кВ-ын Сонгино дэд станцад холбов. Мөн 2024 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулж, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон байна.
Засгийн газарт орсон намуудын төлөөлөл бүхий Эрчим хүчний үндэсний хороог байгуулж, эрчим хүчний салбарын бүтцийг задалж, зах зээлийн харилцаанд оруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг бүрдүүлж, эдийн засгийн хувьд орлогожсон салбарыг бий болгох реформыг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хүрээнд ирэх 4 жилд эрчим хүчний салбарын боомийг тайлах цогц реформыг хийж, Эрдэнэбүрэн, Бөөрөлжүүт, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил яригдсан төслүүдийг хэрэгжүүлнэ.
Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц, Монгол, Францын хамтарсан ураны төсөл, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл эхний ээлжинд хэрэгжиж эхлээд байна.
1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт БНХАУ-ын талтай 2024 онд гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо.
Тус станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангаж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

24 сар гацаад байсан Оюутолгойн хэлэлцээрийг амжилттай гүйцэтгэсний үр дүнд Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувьд ногдох өр төлбөргүй болж, Монголчууд бид анх гэрээ байгуулж байсан “ТЭГ” гараан дээрээ дахин ирлээ. 
Энэ нь хөрөнгө оруулалтын гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтөөс үүдэн зогсонги байдалд байсан далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. 2022 онд Оюутолгой 3.9 тэрбум ам.долларын татвар төлсөн. Далд уурхай нээгдсэнээр энэ тоо жилд 300-400 сая доллараар нэмэгдэнэ. 2028-2030 онд олборлолт оргил үедээ хүрч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэнээр Оюутолгой дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болно.

20 гаруй жил гацсан ураны төслийг хөдөлгөв

Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа.
Дорноговь аймгийн нутаг дахь “Зөөвч овоо” ураны төслийг хэрэгжүүлэх энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж байгаа бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх юм.
Түүнчлэн Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож, үлдсэн 24 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь Монголын ард түмэн энэ төслөөс 51 хувийн өгөөж хүртэнэ. Мөн ногдол ашиг хүлээхгүй,  нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой болж байна.

Баялгийн сантай болж, иргэд уул уурхайгаас үр өгөөж хүртэж эхлэв

Баялагтаа эзэн байх тогтолцооны реформыг хийж, олон жил яригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлууллаа. Ингэснээр стратегийн ордуудын үр өгөөжийг иргэд бодитоор хүртэх боломж бий болж, иргэдийн хуримтлалын данс анх удаа мөнгөжиж, 2024 оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаад байна.
Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ 2025 онд эхэлж байна.

Боомтын сэргэлт

Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулах, тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтэд нийт 6 багц (43 төсөл) хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  
2021-2024 онд боомтын сэргэлтийн хүрээнд экспортын төмөр замын 5 шинэ гарцтай боллоо.
Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд:
·       Тавантолгой-Зүүнбаян 416 км төмөр зам
·       Тавантолгой-Гашуунсухайт 233.6 км төмөр зам
·       Шивээхүрэн-Сэхэ 7 км төмөр зам
·       Зүүнбаян-Ханги 226 км төмөр зам
·       БНХАУ болон ОХУ-ыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 километр авто зам баригдсан.
·       Шивээхүрэн, Бичигт боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ачаа тээвэр, чингэлэг тээвэр, шилжүүлэн ачих терминал зэрэг төслүүд хэрэгжиж байна.
Боомтын боомийг тайлснаар Монгол Улс 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд түвшнийг тогтоогоод байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн