Open iToim app
Спорт | 3 мин уншина

Улсын цолтны энтэй Н.Өсөхбаяр хурц арслангийн онцлох 8 баримт

Улсын цолтны энтэй Н.Өсөхбаяр хурц арслангийн онцлох 8 баримт
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 27
“Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтнуудын уламжлалт барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат хурц арслан Н.Өсөхбаяр хоёр дахиа түрүүлсэн билээ. Сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны эхэнд зохион байгуулдаг энэхүү наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс өдгөө гурав нь аварга, нэг нь гарди, дөрөв нь улсын заан, хоёр нь улсын харцага, 12 нь улсын начинд цолонд хүрчээ. Тэгвэл улсын цолтны энтэй Н.Өсөхбаяр арслангийн онцлох 8 баримтыг та бүхэндээ хүргэж байна.
  1. 1998 онд арваннэгдүгээр сарын 4-нд төрсөн. Түүнийг Тодбаяр гэж нэрлэх гэж байсан. Гэхдээ тухайн үед бөхийн өргөөний нээлтийн барилдаанд Г.Өсөхбаяр аварга түрүүлснийг бэлгэшээн түүний эмээ Н.Өсөхбаяр гэж нэрлэсэн.
  1. Түүний өвөө Тавхайн Гомбо нь 1957 оны Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн хүчтэн. Н.Өсөхбаяр 2012 оноос үндэсний бөхөөр тууштай хичээллэж байгаа бөгөөд анхны багш нь МУГТ, улсын начин Д.Пүрэвсүрэн юм.
  1. Н.Өсөхбаяр Үндэсний бөхийн өсвөрийн Улсын АШТ-д гурав дараалж түрүүлээд, залгаж залуучуудын ангилалдаа Улсын АШТ-д мөн нэгэнтээ түрүүлсэн амжилттай. Мөн 2014 оны Үндэсний их баяр наадмаар хүүхдийн барилдаанд үзүүрлэж байлаа. Тухайн жилдээ сумын заан болж, 2015 онд цолоо баталсан.
  1. Түүнчлэн, 2017 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан болж, 2022 онд цолоо баталж, хурц арслан болсон. Сонирхуулахад, бөх сонирхогчид шинэ хүн мэндлэх нь цол ахихыг бэлгэшээдэг ёсоор Н.Өсөхбаярыг аймгийн арслан болоход охин нь мэндэлсэн бол хурц арслан болоход хүү нь төржээ.
  1. Тэрээр 2018 онд тамирчин хүний хамгийн том бэрхшээл болох бэртэл, гэмтэлтэй нүүр тулж, гурван жилийн хугацаанд даван гарсан юм.
  1. Н.Өсөхбаяр манай сайтад өгсөн ярилцлагадаа “Бөхийн спортыг сонгоод явж байгаа хүний хувьд ноён оргил болсон сайхан аварга болохын төлөө өөрт байгаа бүх боломжоо зориулж яваа. Бэлтгэл сургуулилтаа чамбай хийж байхад нэг л өдөр сайхан болох байх аа. Болно гэж итгэж, өөрийгөө зоригжуулаад л явж байна” гэсэн юм.
  1. Б.Ганбат арслан, П.Бүрнээ аварга, О.Хангай аварга, Н.Батсуурь аварга гээд том цолтой бөхчүүдээс үлгэр дуурайлал авч явдаг.
  2. Түүний амжилтын буухиа тасралтгүй үргэлжилсээр байна. Н.Өсөхбаяр арслангийн 2024 онд үзүүлсэн амжилтуудаас дурдвал:
Түрүү:
  • Бест Буйдан ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан барилдаан;
  • Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат, улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, улсын заан Лувсангийн Сүрэнжав нарын нэрэмжит барилдаан
Үзүүр:
  • Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит барилдаан;
  • Бүх цэргийн наадам;
  • Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, Монгол улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит барилдаан;
Шөвөг:
  • Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан барилдаан;
  • Наурызын баярт зориулсан барилдаан;
  • Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит барилдаан;
  • "Их Богд" дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Даш-Очирын Батболдын нэрэмжит барилдаан;
  • "Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит, Монгол улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан;
  • Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан, "Нутгийн Буян" группийн нэрэмжит барилдаан;
  • Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан барилдаан
Түүнчлэн, тэрээр 2025 оны хамгийн эхний Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүрлэсэн. Шахаж татах мэхийг хорьсон ч хориогүй хийдэг Н.Өсөхбаяр ирэх цагийн өнгийг тодорхойлох бөхчүүдийг нэг эргэлзээгүй мөн.
 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн