Open iToim app
Парламент | 3 мин уншина

Х.Баасанжаргал: Хаврын морин уралдаан өв соёлын нэг хэсэг огтхон ч биш

Х.Баасанжаргал: Хаврын морин уралдаан өв соёлын нэг хэсэг огтхон ч биш
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 27
Хаврын морин уралдааныг эргэн сэргээхийг шаардсан морьт жагсаал болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мэдээлэл хийлээ.
Тэрээр "Уяачдын зүгээс Ерөнхий сайд болон Шадар сайдад хүргүүлсэн хаврын уралдааныг сэргээх хүсэлтийг хүлээн авахгүй байхыг уриаллаа. Түүнчлэн тэрбээр нэгдүгээрт, өвөл болон хаврын морин уралдааныг эргэн сэргээх талаарх жагсаал цуглаан, гомдол санал тасрахгүй. Хоёрдугаарт, уяачид улстөрд ямар их нөлөөлдөг тухайд ард иргэдэд ойлголт, мэдээлэл өгөх үүднээс ийнхүү хэвлэлийн хурал зарласнаа тодотгов. “Хаврын морин уралдаан бол уламжлал биш. Өөрөөр хэлбэл, хаврын морин уралдаан нь эртнээс уламжилж ирсэн өв соёлын нэг хэсэг биш гэдгийг шүүх болон архивын ерөнхий газрын баримтаар тогтоосон. Түүнчлэн хаврын морин уралдааныг 2004 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 15-хан жилийн түүхтэй байтал өв соёл гэж тодорхойлтлоо андуурах болсон нь улстөрчдийн асар хүчтэй нөлөө, оролцооны илрэл.
Манай улс 2004 оноос хойш Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан уралдаанд оролцсон тохиолдолд тухайн уяачид цол, чимэг олгодог хуультай болсон. Тэгэхээр энэ үеэс бид хууль ёсоор хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн гэсэн үг”. Харин 2019 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд “Хүүхдээр морь унуулж, уралдуулах, аливаа уралдаан сунгаан зохион байгуулахгүй байх” тогтоолыг батлан гаргасан. Харамсалтай нь Засгийн газрын ийм тогтоол, хоёр ч удаагийн шүүхийн шийдвэртэй боловч хууль зөрчиж ирсэн. Сонгуулийн үеэр ч уяачдын зүгээс “Хэрвээ та нар бидний саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээ” гэх шахалт үзүүлдэг. Өнгөрсөн жилийн цагаан сараар л гэхэд Ерөнхий сайд алдарт уяачидтай суугаад нэвтрүүлэг хийхэд хаврын уралдааныг сөхөж гаргаж байсан. Энэ бол уяачдын лобби улстөрд асар хүчтэй байдгийн илрэл” гэлээ. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад хаврын уралдааныг сэргээх хүлээлтийг зохион байгуулалттайгаар үүсгээд байж болохгүй, энэ бол нийт уяачид биш цөөн хэдэн мөнгөтэй хүмүүсийн сүлжээний ажил гэдгийг орон нутгийнхан өөрсдөө сайн мэднэ.
Шүүх, Засгийн газрын зүгээс цэг тавьчихаад байхад хаврын уралдааныг сэргээх хүлээлт үүсгээд байж болохгүй. Хамгийн сүүлд л гэхэд Уяачдын холбооны их хурал төрийн ордонд болж байх жишээний. Тэд яагаад Төрийн ордонд хурал хийж байгаа вэ гэдгээс асуудал эхэлнэ. АН-ын Б.Пүрэвдорж гишүүн жишээлбэл, энэ хуралд оройлон оролцсон. Ерөөсөө улстөрчдөө лоббидох оролдлогыг уяачид байнга гаргадаг байдлаа цаашид болих хэрэгтэй. Хүүхдийн эрхийг зөрчих гэсэн оролдлогыг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Харин томчууд өөрсдөө морио унаж, уралдахаас авахуулаад морины соёлыг түгээн дэлгэрүүлэх бүрэн боломжтой гэж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мэдэгдлээ.
Түүнчлэн хүүхдүүд морь унаж уралдсанаар унаж бэртэх, цаашлаад амиа ч алдах эрсдэлтэй. Хичээл сургууль завсардах хүртэл бүх шатанд хохирогч болж байдаг учраас хүүхдээр морь унуулахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй гэлээ. “Насанд хүрэгчид өөрсдөө морио унаад уралдах бүрэн боломтой. Морин соёлыг үгүй хийж байна гээд байдаг. Гэтэл бодит байдалд морин соёлыг хэн үгүй хийж байгааг бодох хэрэгтэй. Морин соёлыг тээж явах ёстой хүмүүн нь яагаад морио унаж хэрэглэхээ больчихсон юм, яагаад мотоцикль унаад байдаг юм. Уламжлалт өв соёлоо дэлгэрүүлэх ажлыг томчууд өөрсдөөсөө эхлэх ёстой” хэмээн мэдэгдлээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн