Хаврын морин уралдааныг эргэн сэргээхийг шаардсан морьт жагсаал болсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал мэдээлэл хийлээ. Тэрээр "Уяачдын зүгээс Ерөнхий сайд болон Шадар сайдад хүргүүлсэн хаврын уралдааныг сэргээх хүсэлтийг хүлээн авахгүй байхыг уриаллаа. Түүнчлэн тэрбээр нэгдүгээрт, өвөл болон хаврын морин уралдааныг эргэн сэргээх талаарх жагсаал цуглаан, гомдол санал тасрахгүй. Хоёрдугаарт, уяачид улстөрд ямар их нөлөөлдөг тухайд ард иргэдэд ойлголт, мэдээлэл өгөх үүднээс ийнхүү хэвлэлийн хурал зарласнаа тодотгов. “Хаврын морин уралдаан бол уламжлал биш. Өөрөөр хэлбэл, хаврын морин уралдаан нь эртнээс уламжилж ирсэн өв соёлын нэг хэсэг биш гэдгийг шүүх болон архивын ерөнхий газрын баримтаар тогтоосон. Түүнчлэн хаврын морин уралдааныг 2004 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 15-хан жилийн түүхтэй байтал өв соёл гэж тодорхойлтлоо андуурах болсон нь улстөрчдийн асар хүчтэй нөлөө, оролцооны илрэл. Манай улс 2004 оноос хойш Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан уралдаанд оролцсон тохиолдолд тухайн уяачид цол, чимэг олгодог хуультай болсон. Тэгэхээр энэ үеэс бид хууль ёсоор хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн гэсэн үг”. Харин 2019 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд “Хүүхдээр морь унуулж, уралдуулах, аливаа уралдаан сунгаан зохион байгуулахгүй байх” тогтоолыг батлан гаргасан. Харамсалтай нь Засгийн газрын ийм тогтоол, хоёр ч удаагийн шүүхийн шийдвэртэй боловч хууль зөрчиж ирсэн. Сонгуулийн үеэр ч уяачдын зүгээс “Хэрвээ та нар бидний саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээ” гэх шахалт үзүүлдэг. Өнгөрсөн жилийн цагаан сараар л гэхэд Ерөнхий сайд алдарт уяачидтай суугаад нэвтрүүлэг хийхэд хаврын уралдааныг сөхөж гаргаж байсан. Энэ бол уяачдын лобби улстөрд асар хүчтэй байдгийн илрэл” гэлээ. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад хаврын уралдааныг сэргээх хүлээлтийг зохион байгуулалттайгаар үүсгээд байж болохгүй, энэ бол нийт уяачид биш цөөн хэдэн мөнгөтэй хүмүүсийн сүлжээний ажил гэдгийг орон нутгийнхан өөрсдөө сайн мэднэ.