УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай ярилцлаа.
-126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган хаалтаа хийлээ. Таны хувьд ямар үр дүнтэй чуулган болж өндөрлөв?
-Үр дүнтэй чуулган болж өндөрлөсөн гэж бодож байна. Парламент 126 гишүүнтэй болоход иргэдийн зүгээс шүүмжлэл их байсан. "76-тайгаа адилхан 126 гишүүн байх юм биш биз дээ" гэсэн шүүмжлэл байсан. Ард түмэн бол олон өнцөгтэй, олон өнгө аястай, дуу хоолойтой. Тэдний эрх ашиг, дуу хоолойг парламентад илэрхийлж чадаж байна уу гэдэг их чухал. Нөгөө талаар бидний гаргаж байгаа шийдвэр ард түмэнд маш хүчтэй хүрдэг учраас парламентын гишүүд сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Эсвэл аль нэг салбарыг би төлөөлж байгаа, манай салбарт энэ чухал болохоор бусад нь хамаагүй би шийдвэрээ гаргуулна гэж хандаж болохгүй.
Энэ удаагийн парламентын гишүүдийн гуравны хоёр нь шинэ гишүүд байлаа. Анх удаа парламентад сонгогдож байгаа, нам, төрийн ажлаас ч асар хол, гадаадад сүүлийн 10 гаруй жил амьдарч байсан гэх мэт олон салбарын төлөөллөөс анх удаа парламент бүрдлээ. Зарим үед манай намынхны дотор “нам улс төр огт ойлгохгүй хүмүүсийг нэр дэвшүүлж, гишүүн болгосон” гэсэн шүүмжлэл хэдий өрнөж байсан ч энэ удаагийн парламент олон өнгө аястай, дуу хоолойтой, мэргэжлийн хүмүүс ихтэй байгаа нь хүмүүст их таалагдаж байна. Энэ их чухал гэж би хувь хүнийхээ хувьд үзэж байгаа. Ийм л байх гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, сонгуулийн холимог тогтолцоотой болж, салбар салбарын төлөөллүүд, мэргэжлийн хүмүүсийг парламентад оруулж ирсэн гэж бодож байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгч байна.
Сонирхолтой парламент бүрдсэн.
-Гуравны хоёр нь шинэ гишүүдээс бүрдсэн парламент олон жил гацсан хоёр ч том төслийг хөдөлгөлөө?
-Энэ намрын чуулганаар хэд хэдэн том асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-д МАН хэдийгээр дийлэнх олонх байгаа ч үндэсний хэмжээний том асуудлууд зөвшилцөл дээр л явдаг. Том эрх ашгийн төлөө нэгдэх шаардлагатай. Парламентад суудалтай таван намаас гурав нь хамтран Засгийн газар байгуулж, нэлээд хэдэн төсөл хөтөлбөрийг эхлүүллээ. Том агуулгаараа бид урагшаа хөдлөх нь л хамгийн чухал юм.
-Нөгөө талаараа УИХ Засгийн газраас өргөн барьсан бүх хууль, тогтоол, зээлийн хэлэлцээрийг баталж өгч байна. Гэтэл эргээд хариуцлага тооцож чадаж байна уу. Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг 500 сая ам.доллароор нэмэгдүүлэхийг зөвшөөрч баталлаа. Харин УИХ хариуцлага тооцох, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж чадаж байна уу?
-Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөс хойш УИХ-ын хяналт шалгалтын ажил нэлээд сайжирсан. Өнгөрсөн парламент ч хэд хэдэн удаагийн хяналтын сонсгол зохион байгуулсан. Мөн намрын чуулганаар УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг баталсан. УИХ байгууллага юм чинь ямар нэгэн юм руу зорьж байх ёстой. Энэ ч утгаараа парламент нээлттэй байх, хүний эрхийг дээдлэх том зорилтуудыг тавилаа. УИХ дээр том, том ажлын хэсэг гараад том хуулиуд батлаад байдаг. Энэ хуулиудыг батлаад тухайн салбар шинэ шатанд гарна, иргэдийн итгэл сэргэнэ гэсэн тэгэхгүй л байна. Тиймээс бид хуулиа батлаад өнгөрөх биш УИХ хяналт шалгалтын албатай болсон. УИХ-аар баталсан хуулиудынхаа араас гишүүд өөрсдөө манлайлаад хяналт тавьдаг механизмыг бий болгосон. Хууль баталснаас хойш гурван жилийн дараа үр нөлөөг нь үнэлж эхлэх ёстой юм. Харамсалтай нь энэ бараг хийгддэггүй. Гүйцэтгэх засаглал УИХ-аар батлуулсан хуулиа сонголттойгоор хэрэгжүүлээд байдаг. Өөрийнхөө бүтэц, дамжлага, эрх мэдэл, цалингаа нэмэх гэх мэт зүйл заалтуудаа маш сайн хэрэгжүүлдэг. Харин яг иргэдийн дарамт шахалтыг бууруулах, амьдралыг нь хөнгөвчлөх зүйл заалтуудыг нь хэрэгжүүлдэггүй. Асуухаар “төсөв мөнгө байхгүй, бүтэц орон тоо байхгүй” гэдэг ч юм уу ямар нэгэн шалтаг хэлээд сууж байдаг.
-Манай улсад 800 гаруй хууль байгаа ч 2000 гаруй журам байна гэсэн. Хуулиас давсан журмыг цэгцэлнэ гэж УИХ-ын дарга хэлж байсан. Энэ ажил эхэлсэн үү?
-УИХ дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Хамгийн олон журмыг аймаг орон нутгийн ИТХ гаргасан байна. Журмууд гаргана гэдэг бараг л зөвшөөрөл гэсэн үг. Дээрээс нь хүний эрх, ял шийтгэл, шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлыг хууль биш журмаар шийдэж байна. Сайн ч, муу ч УИХ дээр хэлэлцэж байгаа бүх асуудал нээлттэй байж, иргэд олон нийт санал бодлоо хэлж, шүүмжилж чадаж байна. Гэтэл даргын ширээн дээр батлагдаж байгаа журмуудыг ямар нэгэн эрх ашигт нийцүүлээд баталсан байхыг бид мэдэхгүй. Тиймээс УИХ энэ журмуудыг цэгцлэх ажлыг эхлүүлсэн. УИХ дээр орж ирж байгаа хуулийн төслүүд дээр журмын дагуу гэж бичих биш аль болох хуульдаа нэг нэггүй бичих ёстой.
Сүүлийн үед анзаарагдаад байгаа зүйл бол УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс шиг ажиллаж байна. Үг үсгийн алдаа, утга найруулгыг нь засаад сууж байна гэдэг байж болохгүй. Зарчмын зөрүүтэй 100 гаруй санал байхад зөвхөн үг үсгийн алдаа, найруулгыг нь засаад сууж байна.
Сүүлийн үед анзаарагдаад байгаа зүйл бол УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс шиг ажиллаж байна. Үг үсгийн алдаа, утга найруулгыг нь засаад сууж байна гэдэг байж болохгүй.
Х.Булгантуяа
-Энэ намрын чуулганы бас нэг онцлог нь хоёр удаа төсөв баталлаа. Олон хууль батлаад л байдаг гэтэл Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавибал хэрхэн хэлэлцэх дэггүй байсан байна шүү дээ?
-Олон л зүйл болж өнгөрлөө. Нэг талаараа УИХ-ын гишүүдийн төсөв тэлсэн гэсэн шүүмжлэл нь үнэн. Нэг жилийн дотор улсын төсвийг 10 их наядаар тэлнэ гэдэг бол асар их ачааллыг татвар төлөгчид дээр авчирна. Төсвийн зарцуулалт үр ашигтай, хяналт шалгаттай, сайн явж чадаж байгаа юу гэдэг олон эргэлзээтэй зүйл байхад төсвийг ингэж их тэлэх нь учир дутагдалтай. Нөгөө талаараа УИХ-аар төсөв дээр асар их ачаалал өгдөг салбарын хуулиудыг батлуулаад байж болохгүй. Аль нэг салбарт ажиллаж байсан хүн “би ажиллаж байхдаа салбарынхаа нөхцөл боломжийг сайжруулах ёстой, би энэ салбарын төлөөлөл” гээд зөвхөн өөрийнхөө салбарын хуулийг барьж аваад төсөв, цалин, эрх ямба, бүтцийг нь хэмжээ хязгааргүй нэмэх хууль батлуулчихдаг. Дараа нь Засгийн газар хуулийг нь хэрэгжүүлэх гээд УИХ руу төсвийг нь оруулж ирдэг. УИХ-д ороод ирэхээр нь “юу болов, паа, пээ” гээд байж болохгүй. Тийм ч учраас УИХ-ын дарга захирамж гаргаад нэгд, хэлэлцүүлж байгаа хуулиудын төсөвтэй холбоотой цагалбаруудыг харъя, хоёрт, өнгөрсөн хугацаанд баталсан хууль, тогтоомжуудын төсөвт үзүүлэх ачааллын үнэлгээг хийе гэдэг ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг би ахлаад ажиллаж байна. Төсөвт ачаалал өгөх, аль нэг салбарын эрх ашгийг хангасан хуулиудын хэрэгжилтийг хойшлуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол төсөв улам тэлээд, татвар төлөгчид нь бухимдаад байж ерөөсөө болохгүй. Улсын төсвийн 70, 80 хувийг татвараар бүрдүүлдэг шүү дээ.
Энэ удаагийн парламент олон зүйлээрээ анхдагч болж байна. Тухайлбал, анх удаагаа төсөвт бүтнээр нь хориг тавьж, буцаагдлаа. Үүнд зориулж УИХ дэг баталлаа. Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавибал яах вэ гэдэг зохицуулалт УИХ-ын дэгийн тухай хуульд ч, Төсвийн тухай хуульд ч байхгүй байна гэдэг бол бид бүрэн дүүрэн хууль хийж чадаагүй байна л гэсэн үг. Сангийн яаманд ажиллаж байхдаа би Төсвийн тухай хуулийг их л сайн, чамбай хууль болчихлоо гэж бодож байсан ч дэгтэй холбоотой асуудлыг бүрэн дүүрэн зохицуулж чадаагүй л байсан байна.
Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудал өмнө нь УИХ-д болж байгаагүй кес. Өмнө нь УИХ-ын гишүүний асуудлыг шүүхээр хэлэлцэх гэж байгаа бол эхлээд бүрэн эрхийг нь түдгэлдүүлдэг байсан. Гэтэл энэ удаад Шүүхийн шийдвэр гарсан ч одоо болтол шийдвэр нь албажиж гараагүй. Албажиж гарлаа гэхэд УИХ-д хэн танилцуулах вэ гэдэг процесс нь тодорхойгүй. Мөн Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиуд нь хоорондоо зөрчилтэй байна. Энэ бол манай хуулиудад нүх байгааг л харуулж байна. Энэ мэт олон зүйл бидний хувьд анхдагч байна.
-Д.Цогтбаатар гишүүний талаар хөндөснийх, жирийн иргэн бол шүүхийн шийдвэр гарч алх цохисоноор шийдвэрийг хэрэгжүүлдэг. Гэтэл УИХ-ын гишүүн шүүхийн шийдвэр албажиж ирснээс шийдвэрийг хэрэгжүүлнэ гэж тайлбарлаад байгаа. Чуулганы завсарлагааны үеэр шүүхий шийдвэр албажиж ирэх нь. Үүнийг УИХ хэрхэн зохицуулах вэ?
-Хууль тогтоомжууд ч гэсэн төрийн мэдээлэл дээр албан ёсоор нийтлэгдээгүй бол албажсан гэж үзэхгүй гэдэгтэй адилхан шүүгчийн үгнээс шүүрч аваад УИХ шийдвэр гаргана гэж байхгүй. Нэн ялангуяа хүний хувь заяаг шийдэж байгаа учраас заавал албан бичгийг үндэслэж шийдвэр гаргах ёстой. Шүүхийн шийдвэр цэг, таслалгүй чухал. Төрийн эрх барих дээд байгууллага албан бичгийг үндэслэж шийдвэр гаргах ёстой болохоос УИХ-ын дарга иймэрхүү л шийдвэр гарчих шиг боллоо гэж шийдвэр гаргаж болохгүй шүү дээ.