Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун эмчид энэ сарын 20-ны өдөр шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оноосон билээ.Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар П.Батчулуун эмчийн нөхцөл байдал ямар байгаа болон хүний эрх хангагдаж байгаа эсэхийг танилцахаар Цагдан хорих 461-р ангид очиж уулзжээ.УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ "П.Батчулуун эмч өөрөө таван удаагийн стент тавиулж ажлаа хийж байх хугацаандаа 16 минут зүрх нь зогсож байсан. Мөн сахрын диабеттэй бөгөөд тархины гавлын ясны 50 хувь нь байхгүй. Нэг үгээр эрүүл мэндийн хувьд ноцтой байдалтай хүн байгаа юм. П.Батчулуун эмчийн хувьд эрхтэн шилжүүлэн суулгуулах албыг хөгжүүлэхийн тулд амьдралынхаа 15 жилийг зориулсан. Ард иргэдийн шүүмжлээд байгаа хүний эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэсэн асуудал бий. Гэхдээ энэ буруу ойлголт юм. Зөвшөөрлийн хуудсанд элэг, бөөр шилжүүлэн авахыг донорын ар гэрийн гурван хүн зөвшөөрч гарын үсэг зурсан. Ингэж гурван хүний амь насыг авраад, цаана нь 10 гаруй хүний амьдралын чанарыг хангасан юм. Шөрмөс авсан гэх асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд шуугиж, донорыг оршуулсан газраас нь гаргаж дотор эрхтэн нь байгаа эсэхийг шалгасан. Ингэж шалгаад өөр зөрчил байхгүй гэдэг нь ч батлагдсан. Донорын ач буянаар гурван хүний амь нас аврагдсан. Үүнээс гадна хөл дээрээ зогсож чаддаггүй хүнд шөрмөс суулгуулснаар босч явдаг болж, хөдөлмөр эрхлэх боломжтой болсон юм. Үнэндээ П.Батчулуун эмч бусдын төлөө ажиллаж яваад 2 жил 6 сарын хорих ял авлаа. Олон нийт энэ тал дээр зөв ойлголттой байгаасай гэж хүсэж байна. Түүнээс биш зөвшөөрөлгүй эд эрхтнийг нь наймаалцаж, ашиг сонирхлын үүднээс ашигласан зүйл огт биш. Үүнийг олон удаагийн шалгалтаар хянаж нотолсон. Тийм байхад ял оноож байгаа нь эрүүл мэндийн салбарын ажилчид бид бүхэнд үнэхээр харамсалтай байна" гэсэн юм.