“CEO” блиц ярилцлагын буландаа “Стора централ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхжинг урьж ярилцлаа. “Стора централ” компанийг “Premium” кропрацийн охин компани гэдгээр нь хүмүүс андахгүй байх. О.Энхжин маркетинг, менежментийн чиглэлээр монголын томоохон компаниудад туршлага хуримтлуулж, мэргэшсэн юм. Тэрээр 19 настайгаасаа ажлын гараагаа эхэлсэн бөгөөд худалдаа, үйлдвэр, даатгал, технологи гээд төрөл бүрийн салбарт ажилласан. Түүнийг “The Apprentice Mongolia” шоуны финалын шатанд шалгарч үлдсэн гэдгээр нь эчнээ танина байх.
-ТА АЖИЛЛАЖ БАЙСАН ХАМГИЙН ОНЦЛОХ ТӨСЛӨӨ НЭРЛЭВЭЛ...?
-Олон л сонирхолтой төсөл дээр ажиллаж байсан. Гэхдээ яг онцгой гээд хэлбэл одоо ажиллаж байгаа төсөл. Яагаад гэвэл би найман жилийн дараа худалдааны чиглэлд эргээд ажилласан. Цөөн хүн амтай болохоор монголын худалдааны зах зээл жижиг. Тэр утгаараа албан ёсны бүтээгдэхүүн, үйлчилгээ орж ирэх нь бага байдаг. Энэ асуудлыг шийдэх зорилгоор манай “Stora central" компани дэлхийн зах зээл дээр байршиж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг монголынхоо хэрэглэгчдэд авчиръя гэдэг зорилготой ажиллаж байна. Тэгэхээр энэ төсөл сонирхолтой бас сорилттой. Сорилт гэдэг нь технологийн шийдлүүдээс гадна бидэнд логистик, тээвэр, дэд бүтцийн асуудал бий.
-ТЭГВЭЛ ЭНЭ ТӨСЛӨӨС ТА ЮУГ ХАМГИЙН ИХ СУРАЛЦАЖ БАЙНА ВЭ?
-Тээврийн чиглэлд хуримтлуулсан туршлага надад байгаагүй. Одоо тээврийн чиглэлд суралцаад, туршлага хуримтлуулаад ажиллаж байна. Нөгөө талд бараа бүтээгдэхүүнээс сүүлийн жилүүдэд нэлээд хөндийрсөн байснаа эргээд мэдээлэлтэй ойрхон болж байгаа. Худалдааны байгууллагыг удирдаж ажиллахад Монголын хэрэглэгчдэд юу эрэлт, хэрэгцээтэй байгаа гэдгийг ойлгох ур чадвар хэрэгтэй байгаа. Энэ чиглэлд л их суралцаж байна.
-ТА ӨНӨӨГ ХҮРТЭЛХ КАРЬЕРЫН ТҮҮХЭЭ ЮУ ГЭЖ НЭРЛЭХ, ЭСВЭЛ ЮУТАЙ ЗҮЙРЛЭХ ВЭ?
-Туулайтай зүйрлэнэ. Учир нь их хурдтай. Миний карьер 19 наснаас эхэлсэн. Тэгээд 4-5 жилийн дараагаас тодорхой хэмжээний баг чиглүүлэх, удирдах ажилд томилогдон ажиллаж байсан. Тэгэхээр хурдтай явсан юм болов уу гэж боддог. Би тухтай бүсдээ удаан байх сонирхолгүй. Иймээс аль болох шинэ сорилттой тулгарах дуртай. Тодруулбал, ажлын гараагаа “Наран” группээс эхэлж байсан. Түүний дараагаар “Чоно” групп дээр хөрөнгө оруулалт, барилгын төслүүд дээр ажилласан. Түүнчлэн, үндэсний үйлдвэрлэлийн брендингийг зах зээл дээр амжилттай таниулах зорилгоор “Монос косметик” компанид ажиллаж байлаа. Үүний дараа надаас нэлээд хол банк, санхүү, даатгалын салбарт зорьж орсон. “Хаан даатгал” компанид маркетинг, судалгаа хөгжүүлэлтийн албаны даргаас даатгалын газрын захирал болтлоо дэвшин ажиллаж байсан. Би групп компаниуд буюу уламжлалт соёлтой компанид ажилласан туршлагатай хүн. Тэгээд өөрийгөө сорьж үзмээр санагдаад технологийн старт ап компанид ажиллая гэсэн шийдвэрийг гаргасан. Иймдээ ч "TomYo EdTech" компанид ажилласан. Одоо ч мөн худалдаа, технологийн салбарт ажиллаж байна.
-БИЗНЕСТ ХАМТРАГЧ ЯАГААД ЧУХАЛ ВЭ. ТА ХАМТРАГЧАА ХЭРХЭН СОНГОГДОГ ВЭ?
-Хамтрал гэдэг үгийн утга нь хамтдаа үнэ цэн бүтээгээд аливаа зүйлийг хожих, нэг шат дээшээ өгсөхийг хэлдэг гэж боддог. Энэ нь адилхан үнэ цэнийг хамтдаа бий болгох гэсэн утгатай. Тэгэхээр аль нэг нь давуу тал үүсгэж нэгнийгээ хохироож болохгүй байх. Энэ философийн дагуу л бизнесийн хамтрагчаа сонгодог.
Би хамт олноо сонгохдоо ч энэ зарчмаар сонгодог. Тодруулж хэлбэл, чи бид хоёрын дунд 10 алхам байгаа. Би өөрийнхөө таван алхмыг хийе. Чи өөрийнхөө таван алхмыг хийгээрэй. Тэгээд хоёулаа голдоо уулзъя гэдэг зарчимтай. Авах, өгөхөө тэнцүүлдэг зарчимтай хүмүүсийг илүү эрхэмлэж хамтарч ажилладаг гэж хэлж болно.
-ТАНЫ ШИЙДВЭР ГАРГАЛТАД БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ЮУ ВЭ?
-Нэгд, шийдвэр гаргалт гэдэг нээлттэй, ил тод байх ёстой гэж боддог. Хоёрт, удирдлага хүний хувьд шийдвэр гаргахгүй удах нь маш том алдаа гэж хардаг. Яагаад гэвэл удирдлага хүний хамгийн том хариуцлагуудын нэг нь шийдвэр гаргалт. Гуравт, шийдвэр гаргалтыг ул суурьтай, олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Үүнд, мэдрэмж, нөү-хау, туршлага орно. Тухайн үеийн нөхцөл байдал, цуглаж ирсэн мэдээллүүд ямар байна гэдгийг хараад хамгийн зөв гэсэн шийдвэрийг гаргадаг.
-УРАМ ЗОРИГ АВДАГ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛЭЭ НЭРЛЭВЭЛ...?
-Би өөртөө хатуу байдаг төрлийн хүн. Тиймээс ч зорилгодоо хөтлөгдөж явдаг. Зорилго зөв бол зам зөв байдаг гэдэгт итгэдэг.
Мэдээж миний гэр бүл. Хүн гэр бүлтэй болохоор илүү хариуцлагатай, зөв байх гэдэг сэтгэлзүй нэмэгддэг гэж боддог.
-ТЭГВЭЛ ТА АЖИЛТНУУДАА ХЭРХЭН ДЭМЖДЭГ ВЭ?
-Хүмүүс сэрүүн байгаа 8-10 цагийг ажил дээр өнгөрүүлдэг. Энэ өнгөрүүлж байгаа цагаа аз жаргалтай, стресстэй байсан ч ажлаас үүдсэн л стресстэй байгаасай гэж хүсдэг. Харин буруу хүн эсвэл соёлоос болж хүн энергиэ битгий үрээсэй гэж боддог. Энэ утгаараа хөнгөн, бүтээлч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг арга барилтай байхыг эрхэмлэдэг. Тийм компанийн соёлыг бүрдүүлэх гэж хичээдэг.
Гүйцэтгэх удирдлага маш сайн хүний нөөцийн мэдрэмж, ур чадвартай байх ёстой. Яагаад гэвэл ажлыг хүн л хийдэг. Иймд би багийнхантайгаа ойр ойрхон уулздаг. Ингэхдээ сардаа нэг нэгээр нь уулзах эсвэл багаараа хамт өдрийн хоол идээд ярилцах зүйл байна. Зарчмын асуудлыг ажлын түвшинд ярих ч гэсэн хүн хоорондын харилцаа зөөлөн байх ёстой гэж үздэг.
-ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛДЭГ ВЭ?
-Бизнесийн салбарт ажиллаж байгаа нь суралцаж буй үйл явц байх гэж боддог. Яагаад гэвэл ажиллах бүрдээ суралцаж, хийж чадахгүй байгаагаа мэдэрдэг. Тийм учраас карьерын хувьд тогтвортой суралцах процесс бол ажиллаж байгаа хугацаа. Түүнчлэн, монголын бизнесийн салбарт тодорхой том хэмжээний үнэ цэнийг бүтээсэн хүмүүстэй ярилцах, сонсох нь ажиллахад их тус болдог. Мөн бизнесийн чиглэлийн сайн ном уншдаг.
-ТАНЫ ХАМГИЙН САЙН ДАДАЛ ЮУ ВЭ?
-Хугацаа болон хүлээлтийг тодорхой тавьж өгдөг. Ажилтнаасаа хэр хугацаанд ямар дүн хүлээж байгаагаа тодорхой хэлж харилцан ойлголцож чаддаг.
-АЖИЛ, АМЬДРАЛЫН БАЛАНС ЧУХАЛ УУ, ЯАГААД?
-Ажил хийгээд байвал хэзээ ч дуусахгүй. Гэхдээ түүнийг хурдтай богино хугацаанд хийх нь чухал уу. Эсвэл урт хугацаанд улам тогтвортой хийх нь чухал уу гэдэгт хариулт өгөх хэрэгтэй. Бизнес гэдэг бол уртын марафон. Тиймээс урт хугацаанд үнэ цэнийг хадгалж явахын тулд эрүүл мэнд чухал. Түүнчлэн, баг удирдаж байгаа хүний хувьд сэтгэлзүйн эрүүл мэнд нэлээд чухалд тооцогддог. Үүний тулд би өдөрт 30 минутыг заавал өөртөө зарцуулдаг. Тухайн хугацаандаа нөхцөл байдлаас хамаарч хүсвэл ном гарчигладаг, алхдаг. Ер нь алхах дуртай. Алхах нь бясалгал хийж байгаа юм шиг санагддаг. Сардаа амралтын өдрүүдээр хоёр удаа ууланд гардаг. Харин гэр бүлдээ зориулж амралтын өдрийн цагийг бүрэн сулладаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд амралтын өдрөөр зохион байгуулагддаг уулзалт, эвентүүдэд оролцохоо больсон. Үүнийг дагаад амьдралын тэнцвэр сайн болж эхэлдэг юм билээ.
-Боксоор хичээллэдэг байсан. Харин одоо бол мотоспорт сонирхдог. Ер нь би жаахан эршүүд талдаа сонирхолтой. \инээв\
-КАРЬЕРАА ЭХЛҮҮЛЖ БАЙГАА ЗАЛУУСТ ӨГӨХ ТАНЫ 3 ЗӨВЛӨГӨӨ?
-Хамгийн түрүүнд харилцааны ур чадвар маш чухал. Харилцаа гэдэг бол сайн сонсох, ойлголцох юм. Үүнд, хаана, хэзээ, хэнтэй юуг ярих вэ. Хэнээс юуг сонсох, сонссон зүйлдээ хэрхэн хариулах вэ, хүнээс яаж зөв асуулт тавих вэ зэрэг багтана. Ер нь хүнээс маш гоё зүйл сонсъё гэвэл асуултаа зөв тавих ёстой гэж боддог. Тэгэхээр зөв асуултыг зөв хүндээ тавьж чадна гэдэг харилцааны ур чадвар.
Хоёрдугаарт, ажлыг нугалж, гараасаа ажлыг гаргадаг байх байх хэрэгтэй. Сайхан ярьдаг хүн хаа сайгүй байгаа. Харин ярьсан зүйлээ дуусгаад үр дүн үзүүлж байна уу гэдэг нь чухал. Ажлын байран дээр энэ ур чадварыг суулгасан байхад компанидаа тодорхой хэмжээний үнэ цэнтэй ажилтан болно гэдэгт би 100 хувь итгэлтэй байна.
Гуравдугаарт, үе хоорондын ялгааг сайн ойлгох хэрэгтэй. Одоо ажлын байран дээр өөр, өөр үеүд хамтарч ажиллаад эхэлсэн байгаа. Ялгаатай орчинд өссөн хүмүүс угаасаа өөр. Тиймдээ ч өөрөөр бодож, сэтгэж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ойлголцож байж багийн ажиллагаа бий болно. Багаар сайн ажиллая гэвэл үе хоорондын ялгааг ойлгож тухайн хүнийг байгаагаар нь хүлээж авах, өөрийгөө бага стресстүүлэх нь чухал.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.