Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын III хуралдаан өчигдөр боллоо.Эрдэмтэн, судлаачид, УИХ-д суудалтай нам, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар хуралдааныг өргөжүүлэн оролцож, Улаанбаатар хотын хөгжлийн төлөв, шинээр болон одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгох зорилгоор Туулын хурдны зам, Тойрог зам, Сэлбэ хурдны замын төслүүд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Сэлбэ дэд төвийг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хийн түлш ашиглан гэр хорооллын зарим айл өрхийн халаалтыг шийдвэрлэх ажлын явцыг хэлэлцлээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төслүүдийн явцыг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хуралдааны үеэр онцоллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд баригдаж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган метр.куб ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг стандартын түвшинд цэвэршүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна.