УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг өчигдөр хэлэлцсэн. Энэ үеэр ЭТТ ХК-тай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдээс бурхны орныг зорьсон хүмүүс байна. Гэтэл хувьцаа нь өвлөгддөггүй тодорхойгүй нөхцөл байдалтай байгаад байгаа. Тэгэхээр захиран зарцуулах хэмжээг нь тодорхой хүрээ, хэмжээтэйгээр өвлүүлэх боломж бий юү. Магадгүй гадаад улсын иргэнд эзэмшүүлэхгүй гэдэг ч юм уу?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хувьцааны талаар иргэдэд соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой. Энэ утгаараа Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулаад хувьцааны талаар мэдээлэл өгөх, ЭТТ-н 1072 хувьцааг энгийн хувьцаанд хөрвүүлэх бэлтгэл ажлыг явуулах урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй. Шууд энгийн хувьцаанд хөрвүүлээд зарж, үр гэвэл иргэд хувьцааны талаар ойлголтгүйгээс болоод ногдол ашиг хүртэх эрх нь хөндөгдөх эрсдэлтэй. Тиймээс бид бэлтгэл ажлыг хангуулах, ажлуудыг шат дараалалтайгаар хийх ажлыг эхлүүлж байгаа. Энэ хүрээнд ЭТТ ХК-ийн хүний нөөц, санхүү гээд удирдах C түвшний удирдлагад сайн менежерүүд авахаар олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой компаниудын нийт активын хэмжээ 2019 онд 37 их наяд, 2023 онд 59 их наяд байсан бол 2024 оны жилийн эцсээр 64 их наяд 200 тэрбум болж өссөн байна. Тийм болохоор энэ байдлаа эргэн харъя гэж байгааг дэмжиж буй Орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой гээд үзвэл 472 хуулийн этгээд бий. Үүнээс төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг 122 хувьцаат болон хариуцлагатай хувьцаат компаниудыг харахад ердөө 5 компани нийт ашгийн 90 хувийг бүрдүүлдэг.