Өвөр Монголын залуу идэвхтэн Тогочог Тэмүлүн АНУ-ын Конгрессын Хятадын асуудлаарх Гүйцэтгэх комисст (CECC) Өвөр монгол дахь хүний эрхийн нөхцөл байдал муудаж байгаа талаар ярьжээ. Тогочогийн Тэмүүлэнгийн мэдүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сайн байна уу, ноёд хатагтай нар аа.
Намайг Тэмүлүн гэдэг. Би 17 настай, АНУ-д төрсөн Өвөр Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч, хүний эрхийн мэдээллийн төвийн захирал Тогочогийн охин. Аав, ээж хоёр маань АНУ-д амьдардаг тул би эх орондоо нэг ч удаа очиж чадаагүй. Би нагац эгч, нагац ах, үеэл, зээ дүү нартайгаа хэзээ ч уулзаж байгаагүй. Монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сарыг ах дүү, төрөл төрөгсөдтэйгээ тэмдэглэж байгаагүй. Аав, ээж хоёр маань гэр бүлийнхнийхээ хурим, оршуулгын ёслолд оролцох, ойр дотныхонтойгоо эцсийн удаа салах ёс ч хийж чаддаггүй. Эдгээр бэрхшээлийг үл харгалзан эцэг эх маань хэл, соёл, уламжлалаа хадгалж үлдэхийн төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн. Намайг бага байхад тэд эгч болон надад эх хэлээ заахын тулд монгол хүүхэд асрагч хайж байсан. Нью-Йоркт цөөхөн монгол хүн байсан тул энэ нь тийм ч амар байгаагүй. Гэхдээ монгол хэл сурч чадсан нь сайн хэрэг. Эцэг эх маань гэртээ байнга монголоор ярьдаг байсан ч гэртээ байх цаг, монгол хэл сурах боломж багассан.
Өвөр монголчууд 800 гаруй жилийн түүхтэй, дээрээс доошоо босоо бичдэг уламжлалт бичгийг хэрэглэдэг. Энэ бичиг сурахад амаргүй байсан тул эцэг эх маань тусгаар тогтносон Монгол Улсаас ирсэн багшаар эгч бид хоёрт кирилл болон монгол бичиг заалгасан. 2018 оны зун аав маань биднийг Индиана мужийн Блүүмингтон дахь Монгол-Төвөдийн буддын шашны төвд байрлах хүүхдийн зуслан руу явуулсан. Ихэнхдээ тусгаар тогтносон Монгол Улсаас ирсэн монгол хүүхдүүдтэй монголоор ярьж, үндэсний дуугаа дуулж, монгол хоол хийж, тоглож наадах нь ховор тохиол байлаа. Гэхдээ нэг гашуун дурсамж тод үлдсэн нь тусгаар Монголл Улсын зарим хүүхэд бидний өмнөд монгол аялгыг шоолж, “хятад” гэж дууддаг байсан.
Сүүлийн 70 жилийн хугацаанд Хятад улс өвөр монголчуудыг Хятадын өмнөд хэсэг рүү нүүлгэж, бүс нутгийн хүн амыг ердөө 18 хувь хүртэл бууруулжээ. Энэ нь биднийг нутгаас маань нүүлгэн шилжүүлээд зогсохгүй бидний соёл, амьдралын хэв маягийг сүйрүүлсэн. 2000-аад оны эхээр Хятад улс Монголын малчдыг албадан нүүлгэн шилжүүлэх бодлого хэрэгжүүлж, “бэлчээрийг хамгаалах” нэрийн дор нүүдлийн мал аж ахуйг хориглосон. Өвөр Монголын эрхийн төлөө тэмцэгчид хүнд үр дагавартай тулгардаг. Нэрт идэвхтэн Хадаа 1995 онд хоригдож, 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хэдий ялаа эдэлж дуусгасан ч дахин дөрвөн жил хоригдож, түүнээс хойш гэрийн хорионд байна. Эхнэр нь олон удаа баривчлагдаж байсан бөгөөд хүү нь дөнгөж 17 настайдаа шоронд хоригдож байжээ. Гэр бүлийнхэн нь байнгын хяналтад байдаг. Бусад идэвхтнүүд ч мөн адил хэлмэгдүүлэлттэй тулгарч байсан. Янжиндулам 2020 онд малчдын эрхийг хамгаалж, монгол хэлээ сурталчилсан хэргээр гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүхч Лхамжавыг өнгөрсөн онд тусгаар тогтносон Монгол Улс албадан гаргасны дараа сураггүй болсон. 2020 оноос хойш Хятадын Засгийн газар монгол хэлийг боловсролын системээс хасаж, оронд нь зөвхөн хятад хэлээр хичээл заах болсон. Эрх баригчид Хятад үндэстэн, Коммунист намд үнэнч байхын тулд "эх оронч боловсрол"-ыг сурталчилж байна.
2020 оны есдүгээр сард олон монголчууд, тэр дундаа оюутнууд сургуулийн бойкот, ажил хаялтаар дамжуулан эдгээр бодлогыг эсэргүүцсэн. Ойролцоогоор 300,000 өвөр монгол оюутан хөдөлгөөнд нэгдсэн. Хятадын Засгийн газар монгол хэл, соёл, өвөрмөц онцлогийг системтэй дарангуйлж, устгаж байгаа нь Хятадын хүн амын өвөр монголчуудад чиглэсэн хүчирхийлэл, үзэн ядалтыг улам нэмэгдүүлж байна. Саяхан гарсан зүрх шимшрүүлсэн хэрэг буюу есөн настай монгол охин Хайраа хятад хэлний гэрийн даалгавраа хийж чадахгүй байсныхаа төлөө хятад багшдаа хэрцгийгээр зодуулсан явдал олон хүний сэтгэлийг сэртхийлгэм байлаа. Түүний чих нь урагдаж, цус их алдаж эхэлсэн тул эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай болсон. Энэхүү цочирдуулсан хэрэг бол ганцхан тохиолдол биш, харин өвөр монголчуудын өмнө тулгарсан сэтгэл түгшээсэн, том хүчирхийллийн нэг хэсэг юм.
Нөхцөл байдал улам дордож байгаа тул дараах зөвлөмжийг авч үзэхийг Хороо болон АНУ-ын Конгресст хүндэтгэлтэйгээр уриалж байна.
Хадааг Өвөр монголын эрхийн төлөө насан туршдаа тэмцэж, олон арван жил шоронд, гэрийн хорионд байсныг нь үнэлэн Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлнэ үү.
АНУ-ын Глобал хэвлэл мэдээллийн агентлагийг “Америкийн дуу хоолой” радиод монгол хэлээр нэвтрүүлдэг бэлтгэдэг болгож өгнө үү.
Сенатор Меркли, Салливан нарын өргөн мэдүүлсэн “Өвөр монголын хүний эрхийн бодлогын тухай хууль”-ийг яаралтай батлахыг дэмжинэ үү.
Өмнөд Монгол дахь болон цөллөгт байгаа өмнөд монгол нийгэмлэгүүдэд хэл, соёл, мөн чанараа хадгалахад нь туслана уу.
Цаг зав гарган анхаарал тавьсанд баярлалаа.