Open iToim app
Нийтлэл | 5 мин уншина

АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭЦЭГ

АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭЦЭГ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 23
Хүн төрөлхтний анхны Үндсэн хууль нь 1787 онд батлагдсан Америкийн нэгдсэн улсын Үндсэн хууль бөгөөд баталсан хүмүүсийг америкийн ард түмэн “Америк орны эцгүүд”, “бурханы хөвгүүд” гэж нэрлэн түүхэнд алдаршуулсан байдаг.
Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид гуай “Энэ ажлыг П.Очирбат удирдан зохион байгуулж хэрэгжүүлсэн хүн. Ер нь зарим улс орон Үндсэн хуулиа голлон хийж туурвисан хүмүүсээ түүхэн үеийн “ахмадууд, эцэг өвгөд” гэж нэрлэдэг юм билээ. Тэд сайн муугийн дэнсэнд алинд ч холбогдоно. Манай улсын тухайд тэр “ахмадуудыг” Очирбат гуай тэргүүлснийг монголчууд бүгдээрээ мэднэ. Үндсэн хуулийн ... уг эх мөн болохыг баталж гарын үсэг зурсан анхны хүн бол П.Очирбат гуай” гэж  бичиж ардчилсан Үндсэн хуулийн эцэг хэн болох тухай санааг анх гаргаж тавьсан байдаг.
Ерөнхийлөгч П.Очирбат гуай 1990 оны 3 сарын 29-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн 24-р тогтоолоор 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комиссын даргаар томилогдож “БНМАУ-ын Үндсэн Хуулийн нэмэлт” хуулийг 4-р сард баталж улс төрийн олон намын тогтолцоог зөвшөөрч, 1990 оны анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулах боломжийг нээсэн билээ. Улмаар БНМАУ-ын Бага Хурал 1990 оны 10 сарын 4-нд “Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комисс”-ын даргаар анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайг томилж, Ардчилсан Үндсэн Хууль бүтээх үйл явц эхэлж комиссын хурлаар үндсэн хуулийн төслийг олон удаа хэлэлцэж, мөн УБХ болон АИХ-ын чуулганаар  үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулсан түүхтэй билээ.
Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн баталсан АИХ-ын чуулганы хуралдааны хурлыг удирдсан АИХ-ын дарга, орлогч бидний суудаг ширээний ар талд байруулан өндөрлөсөн нэмэлт давцан бүхий ширээн дээр Ерөнхийлөгч суудаг байлаа. Хэлэлцэж буй Үндсэн хуулийн төслийн зүйл заалтууд маргаан үүсгээд урагш ахихгүй болохоор АИХ-ын дарга Ж.Уртнасан гуай Ерөнхийлөгчийг урьж индэрт гарч тайлбар хийлгэдэг байлаа. Заримдаа би наад маргаантай асуудлаар чинь нэг үг хэлье гэж Ерөнхийлөгч П.Очирбат гуай АИХ-ын дарга Ж.Уртнасанд хандаж индэрт гарч тайлбар, үзэл баримтлал ярьдаг байсан.
Ерөнхийлөгч маань депутатуудын хэлсэн саналыг их л анхааралтай тэмдэглэн авч байгаа нь харагддаг байсан даа. АИХ-ын дарга орлогчид үдийн цайг “товчооны гуанз” нэртэй чуулганы их танхимын үүдний  1 давхрын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УБХ-ын дарга, орлогч, нарийн бичгийн дарга, МАХН-ын дарга нарын хамт цайлдаг байсан. Цайны цагаар Ерөнхийлөгч П.Очирбат гуай тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирж байгаад АИХ-ын чуулганы хуралдаан багасгасан хэлбэрээр хуралдаж байна уу гэмээр үндсэн хуулийн төслийн зүйл заалтын тайлбарын халуун яриа дахиад үргэлжилдэг байлаа.
Улсын нэрийг өөрчлөх, үндсэн хуулийн төсөл “Их цааз” оноосон нэртэй байх эсэх, ард түмний төлөөллөөс бүрдсэн парламентын засаглалтай байх болон нэг хүний удирдсан ерөнхийлөгчийн засаглалыг сонгох эсэх талаар олон маргаан өрнөсөн билээ. Эдгээр маргааны тухай үндсэн хуулийн эх баригч Б.Чимид гуай “Үндсэн хуулийн нэрнээс авахуулаад хэн гарын үсэг зурах вэ хүртэл маргасан гэж болно” гэж дурсан бичсэн нь үнэнд ойртсон дурсамж юм.
Үндсэн хуулийн “Их цааз” төслийг хэлэлцэх явц мухардалд орсон, аргагүй нөхцөл үүсэн үед Ерөнхийлөгч П.Очирбат гуай депутатуудын МАХН-ын бүлгийн дарга Б.Даш-Ёндон, АН-ын бүлгийн дарга Э.Бат-Үүл, МСДН-ын бүлгийн дарга Р.Хатанбаатар, МҮДН-ын бүлгийн дарга Л.Дашням, ардчилсан эвсэл бүлгийн ахлагч Р.Барсболд, ХАА хоршоологчдын бүлгийн ахлагч. Ч.Бат-Эрдэнэ, бие даасан депутатуудын бүлгийн ахлагч О.Дашбалбар, залуучуудын бүлгийн ахлагч С.Баярцогт нартай олон удаа уулзалт зөвшилцөөн хийх замаар төслийн зүйл заалтуудыг гацаанаас гаргадаг байсан нь асуудлын тайлбарыг ул үндэс сайтай хийдэг, хүмүүстэй зөвшилцөх урлаг арга барил сайн эзэмшсэн чадвартай байсантай холбоотой болов уу даа.
АИХ-ын чуулганы хуралдаан сунжирч АИХ тарах тухай яриа нэг биш удаа гарч билээ. Бүр тарах уу, түр тарах уу даа хүрч байж билээ. Харин үүний хариу болгож Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Депутатууд та нарт бүх эрх бий, харин үндсэн хуулийн энэ төслийг хэлэлцэн батлахгүй байх ганцхан эрх байхгүй” гэж хэлж итгэл найдвар төрүүлж байсан нь санаанд тод үлдсэн юм.
Үндсэн хуулийн “Их цааз” төслийг ард нийтээр хэлэлцүүлэхэд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжсэн санал цөөнгүй ирсэн бөгөөд Парламентын засаглалтай байх тухай санал хураахад 186:186 гэсэн харьцаагаар депутатуудын санал тэнцэж бусад нь түдгэлзэж чуулган бараг 2 хоног гацсан юм. Энэхүү депутатуудын саналын хайнаа, тэнцээг хагалж Ерөнхийлөгч П.Очирбат гуайг саналаа хэлэхийг цөөнгүй депутатууд санал гаргасны дагуу үг хэлсэн юм.
undefined
undefined
Тэрээр манай Монгол Улсад “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэсэн зарчимыг иш үндэс болгон олон түмний санаа бодлыг илэрхийлсэн парламентын засаглалыг дэмжсэн үндэслэл бүхий санал хэлсний дараа АИХ-ын дарга Ж.Уртнасан санал хураахад “парламентын засаглал”-тай байх Үндсэн хуулийн зүйл заалт дэмжигдэж Монгол Улс парламентын засаглалтай байхаар тогтсон билээ.
Ерөнхийлөгч П.Очирбат гуайн яриагаа “цугаараа” гэдэг үгээр эхэлдэг байсан нь миний чихэнд минь хоногшин үлджээ.
Намайг Үндсэн хууль тогтоогчдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Ерөнхийлөгч П.Очирбат гуайг төрийн одонд тодорхойлох депутатуудын санал гарч би түүнтэй очиж уулзаж билээ. Тэрээр 1990 оны ардчилсан сонгуулиар Шарын голын 151-р тойргоос сонгогдсон АИХ-ын депутат байсан юм. Би депутатуудынхаа саналыг хэлэхэд Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Монгол улсын..” гээд бүх юм надад байна. Одоо болно. Депутатууддаа баярлалаа гээд инээмсэглэж суусан сан. Одоо бодоход түүний хэлсэн “Монгол улсын...” гэсэн үгний цаана их эзэн Чингис хааныхаа анхлан байгуулсан “монгол улс”-аа 800 жилийн дараа сэргээн мандуулж чадлаа би гэсэн санаа агуулагдаж байсан болов уу даа. Үүнийгээ илэрхийлэх шиг 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хэлсэн үгэндээ “Өвөг дээдэс, эзэн Чингисийн үеэс улбаалсан хууль цаазын уламжлалыг эрин цагийн шинэ агуулгаар баяжуулсан Үндсэн хууль мэндэлж буй энэхүү түүхэн мөчид...” гэсэн нь үүнийг бодогдуулах юм.
Ингэж социалист БНМАУ-ыг дэлхийд нээлттэй Монгол Улс болгож өөрчлөх хууль эрх зүйн шилжилтийг удирдан хэрэгжүүлж чадсан түүхтэй Ерөнхийлөгч билээ та.
Ерөнхийлөгч та ардчилсан Үндсэн хуультай ардчилсан Монголыг бий болгож хойч үедээ үлдээлээ дээ.
Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч та минь өөрийнхөө сэргээн мандуулсан Монгол эх орныхоо хөрс шороонд үүрд амгалан нойрс доо.
 Ардын Их Хурлын орлогч дарга Д.Моондой
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн