Төр оролцвол бүтэхгүй ээ гэх шүүмжлэл сүүлийн үед их гарч байна. Энэ нь оргүй үг биш юм. Учир нь, өнгөрсөн онд төрийн өмчит 122 компанийн 41 нь 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Нэг цэцэрлэг барих өртгийг 5.5 тэрбум гэж тооцвол, 150 тэрбум төгрөг гэдэг бол 150 ортой хүүхдийн цэцэрлэгээс 27 ширхгийг барих хэмжээний их мөнгө юм. Тиймээс төрийн өмчит компаниудыг нэгтгэхийг нь нэгтгэж, татан буулгахыг нь татан буулгаж, ашигтай ажиллуулна хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдсэн билээ.
Тэгвэл уулын мод урттай, богинотой гэдгийн адилаар алдагдалтай ажилладаг компаниудын хажууд ашигтай ажиллаж, Монголын өнцөг булан бүрд хүрч ажиллаж буй нэгэн компани бол Монголын цахилгаан холбоо ХК. Тус компанийн 94.7 хувийг төр эзэмшдэг ч үлдсэн 5.3 хувийг Монгол Улсын 4006 иргэн эзэмшиж байна. Иргэдийн хяналт энэ компанид байдаг учир тус компани сүүлийн 4 жил алдагдалгүй ажиллажээ.
Монголын цахилгаан холбоо ХК-ийн сүүлийн 4 жилийн санхүүгийн тайланг харвал, компанийн орлого 2021 онд 17.9 тэрбум, 2022 онд 18.8 тэрбум, 2023 онд 20.7 тэрбум, 2024 онд 26.1 тэрбум төгрөг болж өсчээ. Мөн цэвэр ашгийг харвал, 2021 онд 5 сая, 2022 онд 11 сая, 2023 онд 29 сая, 2024 онд 33 сая төгрөг байна.
Үүнийг шинжвэл, уг компани алдагдалгүй ажилласан боловч тийм ч сайн ашиг гаргаагүй гэж хэлж болохоор. Гэвч сүүлийн жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэл, шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, ажилчдын дундаж цалингийн өсөлтийг харвал, ашиг нь хаашаа орсон нь харагдаж байна.