Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Нүүрсний үнэ 358.8 доллароос 80.9 болтлоо буурчээ

Нүүрсний үнэ 358.8 доллароос 80.9 болтлоо буурчээ
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 23
Монгол Улсын нийт импортын талаас дээш хувийг ОХУ-ын бараа бүтээгдэхүүнүүд эзэлдэг. Харин нийт экспортын талаас дээш хувийг БНХАУ руу гаргадаг. Импорт, экспортын онцлох бараа бүтээгдэхүүний мэдээллийг хүргэж байна.

Нийт импортын 71.4 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг

Манай улс ОХУ-аас импортолсон нийт барааны дийлэнх нь нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Жишээлбэл, 2021 онд ОХУ-аас импортолсон нефтийн бүтээгдэхүүн 51.3 хувийг эзэлж байсан. Энэхүү дүн жил ирэх тусам тасралтгүй өсөж 2024 оны байдлаар 71.4 хувь болжээ. Нефтийн бүтээгдэхүүнд авто бензин, дизель түлш болон бусад нефтийн гаралтай бүтээгдэхүүнийг оролцуулж тооцдог. 2024 оны байдлаар ОХУ-аас хийсэн нийт импорт 71.4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь нийт импортын хамгийн өндөр хувийг эзэлсэн хэвээр байгаа юм.

2021 онд БНХАУ руу нэг тонн нүүрсийг 358.8 ам.доллароор экспортолж байсан бол 2024 онд 80.9 ам.доллароор экспортлох болжээ

Нүүрсний үнэ жил ирэх тусам буурсаар байна. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар нэг тонн нүүрсийг 81 ам.доллароор экспортолсон. 2024 оны дундаж үнийг өмнөх оныхтой харьцуулвал нэг тонн тутам 25.4 ам.доллароор буурчээ.
2024 оны гол онцлох зүйл гэвэл нүүрсний хилийн дундаж үнэ юм. 2021 оны арваннэгдүгээр сард манай улс хамгийн өндөр үнээр буюу БНХАУ руу нэг тонн нүүрсийг 358.8 ам.доллароор экспортолсон. Үүний дараа 2022 оны нэгдүгээр сар хүртэл нүүрсний үнэ бага зэрэг буурсан байна. Нэг тонн нүүрсийг 300 ам.доллароос бага дүнгээр экспортолж байсан бөгөөд удалгүй 2022 оны тавдугаар сар хүртэл нүүрсний үнэ буцаад өсөж эхэлсэн.
Харин 2022 оны тавдугаар сараас хойш одоог хүртэл нүүрсний үнэ тасралтгүй буурсаар байна. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар нэг тонн нүүрсийг БНХАУ руу экспортлохдоо 80.9 ам.доллароор экспортолж байгаа юм.
Хятадын импортын хэрэгцээ дотоодын нүүрсний илүүдэлтэй холбоотойгоор энэ онд багасах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь үнэд дарамт учруулж, экспортлогчдын ашгийг хязгаарлах магадлалтай юм. Гэхдээ Хятад улсад гангийн үйлдвэрт хэрэглэдэг өндөр зэрэглэлийн түлш дутагдалтай байгаа тул Австрали, Монголын нүүрс эрэлттэй хэвээр байна гэсэн үг. Өнгөрсөн онд Монгол Улс урд хөршийнхөө коксжих нүүрсний импортын 60 хувийг бүрдүүлсэн байна.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн