Open iToim app
Зочин | 8 мин уншина

Л.Мөнхбаясгалан: Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ, аудитын дүгнэлтийг нууцад авсан байна. Хэн нууцад авсныг мэдэх хүн алга

Л.Мөнхбаясгалан: Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ, аудитын дүгнэлтийг нууцад авсан байна. Хэн нууцад авсныг мэдэх хүн алга
Нийтэлсэн 4 минутын өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалантай Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талаар ярилцлаа. Тэрээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа юм.
-Газрын тос боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийх ажлын хэсгийг та ахлан ажиллаж байна. Танай ажлын хэсэг хяналт шалгалт хийхээс гадна, өөр ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?
-Манай ажлын хэсэг УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хороон дээр байгуулагдсан. Газрын тосны үйлдвэрийг шалгах ажлын хэсэг юм. Манай ажлын хэсэг ажиллаад явж байтал гэнэт УИХ руу Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын ЭКЗИМ банкнаас авах зээлийг соёрхон батлах асуудал яаралтай горимоор орж ирсэн. Уг нь хуулиараа манай ажлын хэсэг хаврын чуулганд дүгнэлтээ танилцуулах ёстой байсан.
Ерөнхий мэдээллээ аваад дөрвөн дэд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Энэ төсөл үр ашигтай юу, нөөц хангалттай бий юү, үнийн дүн 30 гаруй хувиар өссөн нь бодитой юу гэдгийг шалгахаар ажлын хэсгүүд ажиллаад явж байтал дундуур нь зээлийн хэлэлцээр гэнэт орж ирээд хэлэлцэгдээд явж байна.
-Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нууцад авсан гэсэн. Өөр дахиад нууцад авсан нэг зүйл нь юу юм бэ. Хэний шийдвэрээр хэзээ нууцад авчихсан юм бэ?
-Засгийн газрын тогтоолоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нууцад авсан юм байна. Мөн үйлдвэрт хийсэн аудитын дүгнэлтийг нууцад авсан байна. Аудитын дүгнэлтийг Ерөнхий аудитор нууцад хийсэн гэсэн мэдээлэл ирж байна. Би ажлын хэсгийн ахлагчийн хувьд өөрийнхөө бланк дээр аудитын дүгнэлтийг өгнө үү гэсэн хүсэлтээ өгсөн ч одоо хүртэл надад ирээгүй байна. Энэ хоёр баримттай танилцсаны дараа ажлын хэсэг цаашид яах вэ гэдгээ шийдвэрлэе гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын бүтцийн байгууллагаас байгуулагдсан ажлын хэсэг учраас заавал дүгнэлт гаргах ёстой.
Энэ үйлдвэр анх нэг тэрбум ам.долларын өртөгтэй байсан. Гэтэл нарийвчилсан ТЭЗҮ-ийг нь хийсэн компани 1.2 тэрбум ам.доллар болгосон. Энэ зээлийг манай УИХ соёрхон баталсан.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг дөрвөн багцад хуваасан байдаг. Гэтэл дөрөв дэх багцын ажил санхүүжилтгүй болчихсон байна. Санхүүжилтгүй байж дөрөвдүгээр багцын ажил дээр тендер зарласнаас болж 212 сая ам.долларын өрөнд орсон. Толгой мэдэн тендер зарласан гэсэн үг. Ингээд 500 сая ам.долларын зээл нэмж авахаар УИХ-д оруулж ирээд байгаа. УИХ-ын гишүүдэд танилцах ямар ч боломж өгөхгүй, соёрхон батал гэж байна. Материалтай нь танилцахаар Газрын тос боловсруулах үйлдвэрт асуудал үүслээ гэхэд манай улсын хуулиар бус Энэтхэгийн хуулиар явна. Энэтхэг улсын Арбитрын шүүхээр шүүхдэж, манай улс үл маргах журмаар орж байгаа юм билээ. Мөн 36 сарын дотор үйлдвэрийг барьж дуусгана гэж байгаа. Хугацаандаа ашиглалтад оруулахгүй бол манай улс алданги, нөхөн төлбөр төлөх юм байна. Гэтэл нөхөн төлбөрийн хэмжээ хэд вэ гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Дээрээс нь магадлаагүй зардал гэж 31 сая ам.доллар тавьсан байна. Үүнийг хэн зөвлөж, тавьсан юм бэ гэхээр эзэн олдохгүй байна. Түүнчлэн 1.7 тэрбум ам.долларын төсөлд эрсдэлийн үнэлгээ хийх ёстой ч огт хийлгээгүй. Гэтэл одоо нэмэлт зээлийг соёрхон батлахгүй бол багцууд дээр ажиллаж байгаа Энэтхэгийн компаниуд бүгд орхиод гарлаа гэж байгаа юм байна. Бид явуулахгүйн тулд энэ зээлийн хэлэлцээрийг батлах ёстой болчихоод байна.
-ТЭЗҮ-ийг Засгийн газрын тогтоолоор, аудитын дүгнэлтийг Ерөнхий аудитор нууцад авсан гэлээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед юм уу, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нууцад авсан юм уу?
-Үүнийг мэдэж байгаа хүн өнөөдөр нэг ч алга. Ц.Туваан сайд ч тэр ТЭЗҮ-ийг хараагүй байна. Өмнөх сайд нь харсан, үгүйг ч мэдэхгүй байна.
-1.2 тэрбум ам.долларын зээлийг соёрхон баталчихаад байхад манай тал 268 сая ам.долларыг л ашигласан. 900 гаруй сая ам.долларыг ашиглаагүй хэрнээ хүү төлж байгаа юм байна. Яагаад зээлээ авчихаад ашиглаагүй юм бэ?
-Тийм ээ, 1.2 сая ам.долларын зээлийн шугам нээгдчихээд байхад 268 сая ам.долларыг л ашигласан. Бусдыг нь ашиглаагүй. Гэтэл бид ашиглаагүй мөнгөн дээрээ 0.5 хувийн хүү төлдөг. Харин ашигласан мөнгөндөө 1.75 хувийн хүү төлж байна.
Засгийн газар бол “Бид гэрээ хэлэлцээр хийсээр байгаад жилд 68 сая ам.доллар төлөх байсан хүүг 13 сая ам.доллар болгосон” гэж байгаа. Гэтэл энэ ажил биш. Төлөх ёстой зээлийнхээ хугацааг л сунгасан. Зээлийн хугацаа сунгагдах тусам Энэтхэгт ашигтай. Яагаад гэвэл энэ бол Энэтхэг улсын бизнес. Тендерт оролцогч компаниуд нь Энэтхэгийнх, ТЭЗҮ-ийг Энэтхэгийн компани хийнэ, мэргэжлийн зөвлөгөөг мөн Энэтхэгийн компани хийнэ гэдэг гэрээтэй байдаг. Гэтэл бид энэ бизнест нь орчихсон. Бүхэл бүтэн есөн жил өнгөрсөн байна. Есөн жилд яагаад энэ үйлдвэр ашиглалтад ороогүй юм бэ гээд харахаар 50 сар буюу дөрвөн жил хоёр сарыг зөвхөн үнэ буулгах хэлэлцээрт зарцуулсан байна.
Ажлаа хийхийн тулд дөрвөн багцад хуваасан байгаа юм. Нэгдүгээр багцад үнэ бууруулах хэлэлцээр 15 сар үргэлжилсэн, хоёрдугаар багцынх 23, гуравдугаар багцынх 22 сар үргэлжилсэн байна. Энэ бол зөвхөн тендер шүү. Үнээ буулгаач гээд л бичиг явуулаад, гуйгаад байдаг гэсэн үг.
Ийм сонин төсөл болчихоод байдаг. Гэтэл үйлдвэрийн гүйцэтгэх захирал нь цалингийн хэмжээ, урсгал зардлаа мэдэхгүй байна. Урсгал зардлыг бас зээлээр авч байгаа. “Эрдэнэс Монгол”-д хүүтэй нь буцааж төлнө. Урсгал зардал гээд зээлээр 12 тэрбум төгрөг авчихсан байдаг. Гэтэл гүйцэтгэх захирал нь мэдэхгүй гээд сууж байна.
quote photo
Хэний Засгийн газрын үед Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нууцад авсан нь тодорхойгүй, хэн ч мэдэхгүй гээд сууж байна. Тиймээс нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хугацааг хаврын чуулган хүртэл хойшлуулах бодолтой байна.
Л.Мөнхбаясгалан
-Үйлдвэр ашиглалтад орвол газрын тосны нөөц хангалтгүй гэдгийг гишүүд хэлж байсан. Түүхий эдээ гаднаас худалдаж авах юм биш үү?
-Манай улс энэ үйлдвэрийг 36 сарын дотор барилаа гэхэд газрын тосны нөөц байхгүй. Таамаглал нөөцөөр манай улсын газар доор 31 сая тонн газрын тосны нөөц байна гэж үзэж байгаа. Үүнийгээ ашиглаж чадахгүй. Яагаад гэхээр 19 орны 56 компанид манай улс газрын тосны хайгуулд оролцооч ээ гэдэг санал явуулсан байна. Гэтэл нэг ч компани санал ирүүлээгүй. Газрын тосны үйлдвэр барьж байгаа улсын хайгуул руу орохгүй байна шүү дээ. Учир нь биднийг газрын тос боловсруулах үйлдвэр барихад бусад улс орон итгэхгүй байна гэсэн үг. Ингээд Энэтхэгийн компани орсон байна. Дөрвөн багц ажлын гурван багц ажлын тендерт асар өндөр үнийн дүн ирүүлсэн улсын компани дахиад хайгуулд орсон байгаа юм. Энэ компани орж ирээд хайгуулаа хийгээд, нөөцөө тогтоогоод олборлолтоо хийхэд 5-10 жил шаардагдана. Гурван жилийн дараа үйлдвэр ашиглалтад орвол түүхий эдгүй гээд зогсож байх юм уу.
-Дорнодоос түүхий тосоо авахаар газар доогуур хоолой бариулж байгаа юм биш үү. Үүнийхээ төлбөрийг нүүрсээр төлөх гэрээтэй?
-Петрочайна Дачин тамсагаас 250 км-ийн зайд Норинкогоор газрын гүнд шугам татуулж байгаа. Үүний санхүүжилт 379 сая ам.доллар бөгөөд зээлээр бариулж байгаа. Эндээс бид түүхий эдээ бүтээгдэхүүн хуваах гэрээгээр буюу 40 хувийг нь авна. Гэтэл Петрочайна Дачин тамсагийн олборлолт жил ирэх тусам буурч байгаа.
Мөн ус хангалтгүй. Гэхдээ Усны газрын дарга өчигдөр “20 жил ашиглах ус байгаа. Толгойгоороо хариуцна” л гэж байналээ. Уг нь өөрийнх нь явуулсан бичиг дээр усны нөөц байхгүй гэсэн байгаа юм. Зарим нэг сайдад загнуулсан юм уу, цаанаасаа даалгавар авсан юм шиг эхний байр сууриасаа буцаад л байна.
-Та хоёр сарын өмнө ТЭЗҮ-тэй танилцах хүсэлтээ өгчихөөд байхад одоо хүртэл өгөөгүй гэсэн үг үү?
-Тийм ээ, одоо болтол ТЭЗҮ надад өгөөгүй. Харин нууцад байгааг нь өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулган дээр гишүүд мэдсэн. “Өгнө, өгнө, бүх юм байгаа” гэдэг өгдөггүй. ЗГХЭГ-ын даргаас ерөнхий мэдээллүүдийг бол авсан.
-Анх үйлдвэрийг барих газрыг сонгосноосоо эхлээд асуудал дагуулсан юм биш үү. Газрын тос боловсруулах үйлдвэр маш их ус хэрэглэх байтал Дорноговь аймгийн Алтанширээ сумыг яагаад сонгосон юм бол. Анх Дарханд Хараа голын эрэг дээр барих хувилбар ч яригдаж байсан юм билээ?
-Яг тийм. Манай ажлын хэсэг яг үүн дээр явж байгаа. Ер нь байршил буруу байсан юм биш биз гээд. Усгүй газар, говьд аваачиж бариад, өчнөөн хөрөнгө оруулалт хийчихсэн. Тэгээд энийгээ хэрхэн шийдэх нь, яаж нөхөх нь тодорхойгүй. Тэгээд ковид руу чихээд сууж байгаа. Ковид мэдээж нөлөөлнө. Гэхдээ дөрвөн жил хоёр сарыг үнэ буулгах хэлэлцээр хийхэд зарцуулсан байгаа юм.
-Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөх төсөл. Гэтэл шүүмжлээд зогсоовол бас эрсдэлтэй. Алдаа дутагдлыг нь засаад үргэлжлүүлэх боломж байгаа биз дээ?
-Ажлын хэсэг дээр санал хураагаагүй байж би дүгнэлт хэлэх эрхгүй. Хувь гишүүнийхээ хувьд бол энэ үйлдвэрийг заавал барих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ үр ашиггүй зарцуулж байгаа, бүх зүйл нь нууц, хаагдмал байгаа, олон мэдээллүүд нь зөрж байгааг нягталж шалгаж байж л цааш явуулах ёстой. Нийт өртөг нь 5.7 их наяд шүү дээ. Энэ өрийг манай улс хэдэн жил төлөх юм бэ. Нийт 20 сая ам.долларын хүү төлсөн байна. 20, 30 жилийн дараа ч бид төлсөөр л байх болно. Оюутолгойн гэрээг айхтар сургамж боллоо гэж яриад байдаг. Яг үүний замаар явсан төсөл бол Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл шүү. 5.7 их наяд төгрөг шүү дээ. Гэтэл Чингис бондоор манай улс 1.5 их наядыг аваад 21 аймгаа хатуу хучилттай замаар холбосон. Гэтэл 2 тэрбум ам.долларыг газар дор булчихаад ашиглалтад орлоо гэхэд түүхий эдгүй, хугацаандаа ашиглалтад орж чадахгүй зээлийн хэлэлцээр сунгагдаад байвал хэн ямар хариуцлага хүлээх вэ. Д.Алтанцэцэг гэдэг захирал солигдоод яах юм бэ. Монгол Улс ийм их хэмжээний өрөнд орчихоод хэн ч хариуцлага хүлээсэн нэмэргүй.
Тиймээс миний бодлоор яарамгүй байна. Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хугацааг хаврын чуулган хүртэл хойшлуулах бодолтой байна. Монгол Улс парламентыг засаглалтай тусгаар улс. Засгийн газар дангаараа шийдвэр гаргахгүй. Парламентын гаргасан шийдвэрийг Энэтхэгийн тал хүндэтгэн үзэх л ёстой.
-Засгийн газрын оруулж ирсэн бүхий л хууль, тогтоомж, зээл, гэрээг УИХ “машиндаж” баталж байгаа шүү дээ. Ялангуяа, хамтарсан Засгийн газар байгуулсан үед хойшлуулах болов уу?
-Ер нь бол тэгж байгаа. Гэхдээ би итгэж байна. Энэ парламентад маш олон мэргэжлийн болон цэвэр хүмүүс байгаа. Арай ч ийм зүйл дээр нүдээ боогоод кноп дарчихгүй байх гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн