Монгол Улс 2024 онд нийт 163 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 27.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар байгаа юм. 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай Монгол Улсын нийт импорт 11.6 тэрбум ам.доллар гэж гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 тэрбум ам.доллароор буюу 25.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Импортын өсөлтөд чухам ямар бараа, бүтээгдэхүүний үзүүлэлт өссөн талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын Мөнгө санхүү үйлчилгээний хэлтэст Гадаад худалдаа хариуцсан ахлах мэргэжилтэн М.Ихэртөрөөс тодруулсныг тоймлон хүргэе.Авто машины импорт 1 тэрбум ам.доллар давжээИмпортын үнэ өсөхөд суудлын автомашины худалдан авалт их нөлөөлсөн байна. Манай улс нийт 396 сая ам.доллароор суудлын автомашин, 89 сая ам.доллароор ачааны автомашин, 186 сая ам.доллароор дизель түлш, 148 сая ам.доллароор бульдозер, экскаватор зэрэг хүнд даацын автомашин, 121 сая ам.доллароор авто бензин импортолсон нь үнийн өсөлтөд голчлон нөлөөлсөн.Нийт импортын 21.7 хувь нь машин, тоног төхөөрөмж, эд ангийн бүлгийн бараа эзэлж байгаа юм. Нийт импортын 9.2 хувь нь суудлын автомашин байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл нэг тэрбум ам.доллар давж байна. 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай Монгол Улс 123.1 мянган ширхэг суудлын авто машин импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тоон хэмжээгээр 67.3 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан.