Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

ЦЕГ: 1xBet-ын агент нэршилтэй 100 гаруй иргэнийг шалгаж байна

ЦЕГ:  1xBet-ын агент нэршилтэй 100 гаруй иргэнийг шалгаж байна
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 21
Спорт тэмцээний үр дүнг нь таамаглаж, бооцоо хэлбэрээр мөрий тавьдаг 1xBet нь манай улсад үйл ажиллагаагаа тэлсээр байна. Энэхүү газар нь Монгол Улсад 2015 оноос хойш хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Мөн агентууд гэж нэрлэгдэх газар нь бооцоот тааварт оролцож буй хүмүүсийн мөрийний мөнгийг 1xBet-д цэнэглэлт хийх буюу бооцоо тавьж өгөх үүргийг гүйцэтгэдэг. Ингэж бооцоонд тавьсан мөнгөн дүнгийн 5 хувийг ашиг болгон хүртдэг. Мөн бооцоо тавьсан хүн хожиж, мөрийгөө авлаа гэхэд мөрийнийх нь хожлын мөнгөний 3 хувийг агентууд авдаг аж. Агентууд криптовалютаар тооцоо хийдэг гэх мэдээлэл бий. Тэгэхээр энэ төрлийн татвараар манай улсад орлого орж ирдэггүй бөгөөд хууль бусаар гадагш урсдаг гэсэн үг юм.
-1xBet нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй байна-  
Тэгвэл энэ он гарснаас хойш 1xBet цахим мөрийтэй тоглоомоор залилан үйлдсэн байж болзошгүй 100 гаруй холбогдогчийг шалгах ажиллагаа явагдсаныг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
ЦЕГ-аас бооцоот тааврын 1xBet нэртэй цахим хаяг Монгол Улсад үйл ажиллагаа явуулсантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Монгол Улсын зөвшөөрлийн тухай хуульд энэ төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар нь тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Тэгэхээр 1xBet гэх сайтын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулахдаа эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байгаа юм. 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг бооцоот тааврын сайтад иргэд тоглоомд оролцож, бооцоо тавьж байгаа энэ асуудал дээр таталт хийдэг, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг агентууд нэршилтэй 100 гаруй иргэнийг эхний байдлаар тогтоож шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Дээрх иргэдийн хувьд бооцоот тоглоом тоглоход иргэдээс мөнгө татаж байршуулдаг. Тэр мөнгөнөөс нь таталт хийж, тодорхой хувь авч, хууль бусаар орлого олж байгааг нь шалгалтын явцад илрүүлсэн. 
Эрүүгийн хуульд заасан мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзсэн. Мөн 1xBet сайттай холбоотой олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл сурталчилгааны ажлууд их явагддаг. Энэхүү зар сурталчилгаа нь хуулийн дагуу хориотой юм. 
Энэ асуудал дээр цагдаагийн байгууллагаас холбогдох ажлуудыг явуулж байна. Иргэдийн зүгээс 1xBet болон бусад бооцоот тааврын сайтуудтай холбоотой үйл ажиллагаанд анхааралтай хандах хэрэгтэй байна. Яагаад гэвэл бооцоо тавиад мөнгө авч болох ч дараа нь хэд дахин нугалж алдах тохиолдлууд их байдгийг онцгойлон анхааруулж байна гэлээ.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн