Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай газрын тосны үйлдвэрийн төслийн талаар ярилцлаа.
-Газрын тосны үйлдвэрийн төсөв 500 сая ам.доллар нэмэгдүүлэхээр УИХ хэлэлцэж байна. Ямар шалтгаанаар төсөв нь нэмэгдэж байгаа юм бэ?
-Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан. Энэ зээлийг газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэрийг манай улс 2017 онд гаргасан. Ингээд 2018 онд газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсан. Тус ТЭЗҮ-ээр нэг тэрбум 236 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн дүн гарсан. Энэ ТЭЗҮ-ийг батлаад, үйлдвэрээ барих шийдвэр гаргаад 2019 оны зургадугаар сараас байршлаа тогтоогоод шаваа тавиад эхэлсэн. Харамсалтай нь, ажил дөнгөж эхлээд ковид гарсан. Ингээд ажил зогссон гэж хэлж болно. Ковидын дараа буюу 2022 онд дөрвөн багц болгосон ажлуудынхаа тендерийг зарласан.
Дэлхийн зах зээл дээр нарийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж бүү хэл түүхий эдийн үнэ өссөн. Энэ өсөлт төсөв нэмэгдэх хамгийн том нөлөө үзүүлсэн. Мөн төслийн ТЭЗҮ дээр үйлдвэрийн хүчин чадлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх өөрчлөлт оруулсан. Тодруулбал, агаарын түлшний хэмжээг 40 мянгаар нэмэгдүүлэх, өндөр октантай нефть бүтээгдэхүүнийг 60 мянгаар нэмэгдүүлэх өөрчлөлт хийсэн. Үүнд шаардагдах санхүүжилт төсөв нэмэгдэхэд нөлөөсөн.
2023 оны есдүгээр сард манай яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар ТЭЗҮ-д тодотгол хийгээд 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн дүн гарсан юм билээ.
-1.7 тэрбум ам.долларын зээлийг зөвхөн үйлдвэр барихад зарцуулна. Харин Газрын тосны үйлдвэр компанийн үйл ажиллагааны зардлыг манай Засгийн газар өөрөө гаргана. 2018 оноос хойш хэдий хэмжээний санхүүжилтээр энэ компани ажиллаж байна вэ?
-Үйлдвэр асах хүртэл зардал бол 1.7 тэрбум ам.доллар гэж ойлгож болно. Одоогоор 268 сая ам.долларыг зарцуулаад байна.
-1.2 тэрбум ам.доллароос 268 сая ам.долларыг хэрэглэсэн. Харин ашиглаагүй зээлийн хүүнд 10 сая ам.долларыг манай Засгийн газар төлсөн байна Үйлдвэр ашиглалтад ортол хэдий хэмжээний хүү төлөхөөр байгаа вэ?
-Зээлийг авч ашигласнаас хойш таван жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй байсан ч ковид гарч ажил хойшлогдсон учраас хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийж үндсэн зээлийг 2030 оноос төлж 2045 онд дуусгах, хүүг 2025 оноос төлж эхлэх
өөрчлөлт оруулсан. Ашиглагдсан зээлийн хүү 1.75, ашиглаагүй зээл 0.5 хувийн хүүтэй байхаар гэрээнд тусгасан.
-Үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нууцад авсан гэж байна. Ямар зүйл заалтыг хэний шийдвэрээр нууцад авсан юм бэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэр “Эрдэнэс Монгол” нэгдэлд харьяалагддаг. “Эрдэнэс Монгол” нэгдэл ЗГЭХГ. Тиймээс Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьцаа ЗГХЭГ-т байгаа гэсэн үг. Энэ үйлдвэрийг барих ТЭЗҮ нууцад байгаа нь үнэн. ТЭЗҮ-тэй УИХ-ын гишүүд нууцын гарын үсэг зураад танилцах бүрэн боломжтой.
-Та салбарын сайдын хувьд ТЭЗҮ-тай танилцсан байх. Ер нь нууцад авах шаардлага байгаа юм уу?
-Би сайдын хувьд ТЭЗҮ-тэй танилцаж амжаагүй байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх, энэ үйлдвэрийг түүхий газрын тосоор хангах чиг үүрэг манай яаманд оногдож байгаа. Тиймээс энэ ажлын хэсгийг би ахлаад ажиллаж байгаа.
Энэтхэгийн зээлийн асуудлаар тухайн үед ямар үйл явдал болсон, юу яригдсаныг би мэдэхгүй. Гэхдээ энэ бол хоёр орны дипломат шугамаар шийдэгддэг.
Газрын тосны үйлдвэрийн ажлыг зогсоохгүй, харин хариуцлага хүлээлгэх хүмүүс байгаа
-Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох ёстой гэдэг дээр дөрөөлөөд манай улсад ямар ч ашиггүй гэрээ хийсэн юм биш үү. Үүнийг өөрчлөх, нууцаас гаргах, хянаж шалгах боломж байгаа юу?
-Газрын тос боловсруулах үйлдвэр 7.5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхнө, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээд 4.5 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ гэж тооцож байгаа.
Монгол Улс хэрэглэж байгаа шатахууныхаа 96 хувийг нэг улсаас авч байгаа. Тэр улс ямар нөхцөл байдалтай байгааг бид бүгд мэдэж байгаа. Ямар ч улс орон стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнээ олон эх үүсвэрээс авч байж хангамж нь баталгаатай байдаг. Тиймээс энэ газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулж байж, хараат байдлыг 55 хувиар бууруулна. Мөн манай улс түүхий нефтийн нөөцтэй, экспортлогч орны хувьд боловсруулалт хийгээд дотоодын хэрэглээ хангадаг байх нь чухал. Тиймээс нэгэнт эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой. Үүний цаана хариуцлага хүлээх хүмүүс нь байгаа. Бусад төслүүд шиг зогсоочихмооргүй байна.
-Д.Алтанцэцэг даргыг солих уу. Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр сайн боловсон хүчин гээд л байна. Гэхдээ энэ хүн 2018 оноос хойш ажиллахдаа ажлынхаа үр дүнг харуулчихлаа шүү дээ?
-Би хувь хүний талаар байр суурь илэрхийлмээргүй байна. Мөн энэ хүний шууд удирдлага биш. Нефть бүтээгдэхүүн манай салбар, ажлын хэсгийн дарга гэдэг утгаараа энэ асуудалд орж ирж байгаа. Манайд тогтолцооны хувьд ярих асуудал бий. Уул уурхайн асуудал хариуцдаг яамандаа энэ төрлийн төрийн өмчит компаниудын нэг нь ч харьяалагдахгүй байна. Газрын тос боловсруулах үйлдвэр ч манай яамны харьяа биш. Тиймээс бид бодлого ярихаас өөр үүрэггүй байна.
-Газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагааны зардлыг хаанаас санхүүжүүлж байна вэ?
-Хөгжлийн банкнаас ч, “Эрдэнэс Монгол”-оос ч хүүтэй санхүүжилт олгож байна. Өнөөдрийн байдлаар 200 гаруй тэрбум төгрөгийн зардал Монголын талаас гарчихсан явж байна. Мөн үйлдвэрийг түүхий эдээр хангах шугамыг татах ажлыг эхлүүлсэн. Энэ ажилд 380 орчим сая ам.долларын санхүүжилт шаардлагатай бөгөөд бид бүтээгдэхүүн хуваах гэрээгээр санхүүжүүлээд явж байна.