АНУ-ын Лос Анжелес хотод дэгдсэн их хэмжээний ой хээрийн түймрийн улмаас 25 хүн амиа алдаж, 60 хавтгай дөрвөлжин миль талбайд 12000 гаруй барилга байгууламж сүйрч, 200 000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болоод байна. Сүүлийн үеийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад салхины эрч багасаж, цаг агаар сэрүүсэж байгаа нь түймрийг унтраахад тус дөхөм болж байна гэж албаныхан мэдээлжээ. Гэсэн хэдий ч аюул заналхийллийн улмаас хэд хэдэн бүсэд нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Тэгвэл Лос Анжелест гарсан түймрийг унтраахад олон улсаас дараах тусламжийг үзүүлээд байна.
Мексик: 72 тусгай мэргэжилтнээс бүрдсэн багийг Малибу, Пасифик Палисадес зэрэг ихээр хохирол амссан газруудад хайгуул, аврах ажиллагаанд оролцуулахаар илгээсэн.
Канад: Ойролцоогоор 100 гал сөнөөгчийг тусгай тоног төхөөрөмж, онгоцны хамт илгээсэн бөгөөд Альберта, Онтарио зэрэг мужаас ус шүршигч онгоц, шөнийн хараатай нисдэг тэрэг илгээсэн. Канадын Royal Bank болон City National Bank хамтран 3 сая ам.долларын хандив өгч, түймэрт өртсөн хүмүүст тусалсан.
Иран: Ираны “Red Crescent” хүмүүнлэгийн байгууллага түргэн тусламжийн баг илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Украин: Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин гал сөнөөгчдийг гал унтраах ажилд туслуулахыг санал болгосон.
Япон: Японы Засгийн газар Лос Анжелес хотын гал түймрийг унтраах, сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж 2 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн.
Түүнчлэн түймрийн үеэр олон алдартан, хувь хүмүүс тусламжийн үйлсэд хувь нэмрээ оруулаад байгаа юм.
Taylor Swift: Хээрийн түймрийн улмаас их хэмжээний хохирол амсаад байгаа Лос-Анжелес хотын 10 байгууллагад хандив өргөснөө Instagram хуудсандаа хуваалцжээ.
Leonardo DiCaprio: Түймрийн дараах шууд болон урьдчилан сэргийлэх тусламжид 1 сая ам.доллар хандивлахаа мэдэгдсэн.
Beyonce: Өөрийн BeyGOOD сангаараа 2.5 сая ам.доллар хандивлан, хохирол амссан гэр бүлүүд хийгээд фронтын ажилтнуудад тусламж үзүүлсэн.
The Eagles: Түймрийн хохирогчдод зориулсан FireAid хандивын тоглолтод 2.5 сая ам.доллар хандивласан.
Kylie Jenner: Калифорнийн гал түймрийн сангийн өргөтгөл болох Калифорнийн гал түймэр, гамшгийн тусламжийн санд тодорхой бус хандив өгч байгаагаа нийтэлсэн.
Kim Kardashian: Түймрийг унтраах ажилд SKIMS брэндээрээ дамжуулан хандив өгсөн. Тэрээр гал түймэрт өртсөн гэр бүлүүдэд хувцас, дотуур хувцас хандивлаж байгаагаа мэдэгдсэн юм.
Jamie Lee Curtis: Өөрийн гэр бүлийн сангаас 1 сая ам.долларыг түймрийн хохирогчдод зориулсан тусламжийн сан руу шилжүүлсэн.
Sting, Lady Gaga, Billie Eilish, Red Hot Chili Peppers: FireAid хандивын тоглолтод оролцож, түймрийн хохирогчдод зориулан мөнгө цуглуулсан.
Halle Berry, Sharon Stone: Тусламжийн үйлсэд зориулан хувцас, санхүүгийн хандив өгсөн.
Michael Douglas, Mark Zuckerberg: Тусламжийн үйлсэд санхүүгийн тусламж үзүүлсэн.
Мөн Netflix, YouTube, Google, Target, Amazon, Airbnb, Walmart, Disney, Paramount, Apple гэх мэт томоохон компаниуд хандив өгсөөр байна.