Уран олборлох хөрөнгө оруулалтын төслийн гэрээг үзэглэсэнтэй холбоотойгоор Монгол, Францын тал хамтран ажиллах үйл явц, тус гэрээнд тусгасан онцлох нөхцөлүүдийн талаар мэдээлэл хийлээ.Эрдэнэс монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт: Ажлын дэд хэсгүүд хэлэлцээр хийхдээ хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх, ирээдүйд аливаа эрх зүйн үр дагаваргүй хэрэгжих боломжийг бүрдүүлсэн болно. Монгол Улсын Засгийн газраас гуравдагч хөрштэй байгуулж буй хөрөнгө оруулалтын энэхүү гэрээ нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсөвт нэмэлт орлого төвлөрүүлэх, шинээр ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах улмаар олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг нийгэм, эдийн засгийн шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд сайн жишээг тогтоох үр дагавартай. Засгийн газраас Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн зарчмыг баримтлан, хөрөнгө оруулагч талтай 18 удаагийн хэлэлцээрийг хийсний үр дүнд Монгол Улсын эрх ашиг, Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлсэн дараах нөхцөлүүдийг тус гэрээнд тусгасан. Үүнд:Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын олборлох үйл ажиллагаанаас бий болох шууд өгөөжийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс жил бүр хүртэх тооцооллыг баталгаажуулсан.