Газрын тосны олборлолт, экспортоороо дэлхийд тэргүүлдэг Саудын Арабын Хаант улс ирээдүйн эрдэс баялгийн эрэлд гарч, дэлхийн уул уурхайн шилжилтэд гол тоглогч болохоор зэхэж байна. Саудын Арабын 2.2 их наяд ам.доллар бүхий хүчирхэг эдийн засгийг бий болгоход гол нөлөө үзүүлж ирсэн газрын тосны нөөц баялаг жил ирэх тусам дундарч байгаа тул ирээдүйд эдийн засгийг нь хөдөлгөх дараагийн эрдэс баялгийг нээн илрүүлж, олборлож, ашиглах цаашлаад бүс нутгаа дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулалтын төв болгох зорилго тавьжээ.
Энэ зорилгынхоо хүрээнд Саудын Арабын Хаант улс 2022 оноос “Future Minerals Forum”-ийг зохион байгуулах болсон. Энэ жилийн форум нэгдүгээр сарын 14-16-ны өдөр болсон бөгөөд энэхүү хуралд Монголоос анх удаа цөөн хэдэн сэтгүүлч оролцож, сурвалжлах боломж олдсон юм.
Жил ирэх тусам хүрээгээ тэлж, дэлхийн хөрөнгө оруулагчид, бодлого тодорхойлогчдын уулзах төв болж буй энэхүү форумд “Их 20”-ын 16 улсын сайд нар, олон улсын 50 гаруй байгууллага, дэлхийд уул уурхайгаараа тэргүүлдэг 90 гаруй улсын төр засгийн төлөөлөл, хөрөнгө оруулагч зэрэг 20,000 орчим оролцогч Саудын Арабын Хаант улсын нийслэл Рияд хотноо чууллаа.
Ирээдүйн эрдэс баялгийн чиг хандлага
Ирээдүйн эрдэс баялаг гэдэгт эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашин, зэр зэвсэг зэрэг геополитикийн өндөр технологид хэрэглэдэг түүхий эдийг голчлон багтааж буй. Эдгээрт ашиглах металлыг critical minerals буюу чухал ашигт малтмал гэж тодорхойлж, Олон улсын энергийн агентлагаас зэс, лити, никель, кобальт, манган, бал чулуу болон газрын ховор элементийг энэ ангилалд хамааруулжээ. Мөн улс орнууд өөрсдийн нөөц боломжоо тооцоолон чухал ашигт малтмалын жагсаалтаа харилцан адилгүй баталсаар байгаа юм.