Бараа, үйлчилгээний анхдагч үйлдвэрлэлээс эцсийн хэрэглээ хүртэлх бүхий л шатанд тэдгээрийн борлуулалтын үнэд ногдуулж байгаа татварыг Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) гэж нэрлэдэг. Монгол Улсад Нэмэгдсэн өртгийн албан татварын тогтолцоог 1998 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тухайн үед НӨАТ-ын хувь хэмжээг 13 хувь байхаар тогтоосон байна. 2006 онд НӨАТ-ын тухай хуульд шинэчлэл хийж, 2007 оны нэгдүгээр сарын 1-ээс 10 хувь болгон бууруулсан. Харин урамшууллын тогтолцоог 2016 оноос нэвтрүүлсэн юм.
Сүүлийн жилүүдэд НӨАТ-ын тогтолцоонд дараах шинэчлэл, бодлогуудыг хэрэгжүүлж байна. Үүнд:
Цахим төлбөрийн баримтын систем: Иргэд худалдан авалтынхаа баримтыг цахимаар бүртгүүлж, худалдан авалтын үнийн дүнгийн 2 хувийг буцаан авах боломжтой болсон.
НӨАТ суутган төлөгчийн босго: Борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая төгрөгт хүрсэн хувь хүн, хуулийн этгээд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй. Харин борлуулалтын орлого нь 10 сая төгрөгт хүрсэн тохиолдолд сайн дураар бүртгүүлэх боломжтой байдаг.
НӨАТ-аас чөлөөлөх бараа, үйлчилгээний жагсаалт: Засгийн газар тодорхой бараа, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх жагсаалтыг баталж, хэрэгжүүлж байна.
Эдгээр шинэчлэл, бодлогууд нь татварын орлогыг нэмэгдүүлэх, татварын системийн үр ашгийг сайжруулах, цахим төлбөрийн баримтын системийг өргөтгөх гэх мэт зорилготой. Нэмэгдсэн өртгийн албан татвар төсвийн орлогыг бүрдүүлэх үр ашигтай хэлбэр боловч татварын системд үр ашгийг чухалчлах уу, эсвэл тэгш байдлыг анхаарах уу гэдэг асуудал үргэлж маргаантай байсаар ирсэн.
Дэлхийн улс орнууд НӨАТ-ыг хэрэглэх болсон нь тэдгээр улсуудын татварын тогтолцоо нийгэм, эдийн засгийн хөгжил, байнга өсөн нэмэгдэж байгаа үйлдвэрлэл, хэрэглээ зэрэгтэй тохирохгүй болсонтой шууд холбоотой.
Франц улсад анх нэвтэрсэн Нэмэгдсэн өртгийн албан татвар нь өдгөө дэлхийн 175 оронд хэрэгжиж байна. Унгар Улс 27 хувьтай хамгийн өндөр НӨАТ-тай байдаг бол дэлхийн дундаж 15.5 хувьтай байдаг аж. Монголоос бага буюу 10 хувиас бага НӨАТ авдаг 16 улс, түүнээс их авдаг 118 улс байна.
Тэгвэл улс орнуудын хэрэгжүүлж байгаа НӨАТ-ын зохицуулалт, хувь хэмжээг доорх зургаан улсын жишээнээс харцгаая.
Эстони улсын тухайд НӨАТ-ын системийг бүрэн цахимжуулсан бөгөөд бүх гүйлгээг цахимаар бүртгэж, иргэд болон бизнесүүд татварын тайлангаа хялбархан илгээх боломжтой болсноороо онцлог юм. Тус улс 20 хувийн НӨАТ-ыг ихэнх бараа, үйлчилгээнээсээ тооцож авдаг. Жилийн орлого нь 40,000 еврогоос давсан бол НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх шаардлагатай байдаг бөгөөд жижиг бизнесүүдэд нэмэлт татварын ачаалал үүсгэхгүй байхыг зорьж уг босгыг тогтоосон ажээ. Эстони улс НӨАТ-ын системээ цахимжуулж, хялбар байдлаар зохицуулснаар дараах ач холбогдолтой гэж үздэг. Үүнд:
Бизнесүүдийн татварын тайлагналтыг хялбаршуулах.
Эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
Олон улсын худалдааг дэмжихэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болдог.
Тус улсад ихэнх бараа, үйлчилгээ 19 хувийн татварын хувь хэмжээгээр тооцогддог. Хүнсний бүтээгдэхүүн, ном, соёлын үйлчилгээ, зарим эмнэлгийн бүтээгдэхүүн зэрэг нийгмийн ач холбогдол бүхий бараа, үйлчилгээнээс 7 хувийн татвар авдаг. Харин экспортын бараа, эмчилгээний үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, тодорхой төрлийн олон улсын худалдааны үйлчилгээ нь НӨАТ-аас чөлөөлөгддөг байна. Аялал жуулчлалын бараа, үйлчилгээ худалдан авсан жуулчид тодорхой хэмжээний НӨАТ буцаан авах эрхтэй байдаг. Ингэхдээ тусгай маягт бөглөж, буцаан олголтын үйлчилгээ үзүүлдэг байгууллагад ханддаг аж. Түүнчлэн жижиг бизнес эрхлэгчид, орлого нь тодорхой хэмжээний босгоос доогуур хүмүүсийн хувьд НӨАТ-ын буцаан олголт авах боломжтой юм. Германы НӨАТ-ын систем нь Европын холбооны бусад улсуудтай ижил түвшинд ил тод, цахимжуулсан, үр ашигтай байдлаар хэрэгждэг гэж дүгнэж болно.
Япон улсад НӨАТ-ын хувь хэмжээ 10 хувь байдаг. Тус улс "Invoice System" буюу баримтын системийг 2023 оноос эхлэн бүх салбарт хэрэгжүүлж эхэлсэн. НӨАТ суутган төлөгч нь тусгай бүртгэлийн дугаар ашиглаж, төлбөрийн баримтыг хянах боломжтой бөгөөд уг систем татварын тогтолцоог ил тод болгодог ач холбогдолтой. Мөн Японд гадаадын жуулчид худалдан авсан барааны үнийн дүнгийн 8–10 хувийг буцаан авах боломжтой байдаг. Түүнчлэн НӨАТ суутгалгүйгээр худалдан авалт хийх тусгай дэлгүүр байх нь ч бий.
Чилид цахим төлбөрийн баримтын (e-invoice) систем өргөн хэрэглэгддэг. Тус улсын НӨАТ-ын хувь хэмжээ 19 хувь байдаг. Бүх бизнесүүд НӨАТ суутгал болон буцаан олголтын үйл явцыг цахимаар хийдэг байна. Мөн Чилид НӨАТ-ын баримтын сугалаа явагддаг бөгөөд худалдан авалтыг бүртгүүлснээр сугалааны урамшуулалд оролцох боломжтой болдог ажээ. Харин гадаадын иргэд худалдан авсан барааны 15 хувийг буцаан авдаг.
Бразилд НӨАТ-ын хувь муж бүрд харилцан адилгүй байдаг боловч ихэвчлэн 17-20 хувьтай байдаг. Төрөөс НӨАТ-ын сугалааны системийг хэрэгжүүлж, татвар төлөгчдөд санхүүгийн урамшуулал олгодог байна. Иргэд худалдан авалтынхаа баримтыг бүртгүүлснээр төлсөн татварын 20–30 хувийг буцаан авах боломжтой байдаг аж. Тус улсын төрийн цахим систем нь бүх худалдан авалтыг нэгдсэн мэдээллийн сан руу оруулж, хяналт тавьдаг.
Гүржийн НӨАТ-ын систем нь олон улсын туршлагаас суралцаж, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн шинэчлэлтүүдийг тусгасан байдаг. Тус улсын НӨАТ-ын стандарт 18 хувьтай байдаг. Мөн гадаадын жуулчид тодорхой нөхцөлд НӨАТ-аа буцаан авах эрх бүрддэг байна. Гүржийн Засгийн газар жижиг бизнесүүдийг дэмжих зорилгоор тэдний НӨАТ-ыг хөнгөлдгөөс гадна экспортын үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид НӨАТ-ын тэг хувьтай нөхцөлөөр бараагаа экспортолдог байна. Энгийн иргэд НӨАТ-ын буцаан олголт авах боломжгүй байдаг.
НӨАТ-ын урамшууллын нийтлэг төрлүүд
Тэг үнэлгээ: НӨАТ-ыг тодорхой бараа, үйлчилгээнд (экспорт, эрүүл мэнд, боловсрол) 0 хувиар тооцдог.
НӨАТ-ын бууруулсан хувь хэмжээ: Зайлшгүй шаардлагатай бараа, үйлчилгээнд (хоол хүнс, ном гэх мэт) стандартаас доогуур хувь хэмжээ тогтоох.
Чөлөөлөлт: Хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарыг НӨАТ-аас чөлөөлөх.
Буцаан олголтын систем: Жуулчид, чөлөөт бүсийн бизнесүүд эсвэл тодорхой хөрөнгө оруулалтын нөхөн олговор.
Салбарын тусгай урамшуулал: Үйлдвэрлэл, ногоон эрчим хүч зэрэг салбаруудыг хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг.
Дэлхийн улс орнуудад НӨАТ-ыг татвар төлөгчдөд шууд буцаан олгодог жишээ ховор байдаг боловч ихэвчлэн гадаадын жуулчид, бизнес эрхлэгчдэдээ НӨАТ-ыг буцаан олгодог жишээ элбэг байна. НӨАТ-ын буцаан олголт нь татвар төлөгчийн үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, тэгш шударга орлого бий болгоход тусалдаг.