Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2025.01.15/ Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Атул Малхари Готсурвэ болон Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Санжийв Кумар нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол Улс, Бүгд найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож байна. БНЭУ нь манай улсыг тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны улс байсан. 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэнд үргэлж талархаж явдаг гэдгээ илэрхийллээ.
2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг дэмжсэнээр хоёр улсын харилцаа страрегийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан. Мөн дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үеэр хамгийн түрүүнд вакцин хандивласанд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа эрчимжиж, манай улс тус улсаас төрөл бүрийн эм, эмийн түүхий эд, малын вакцин зэргийг авч байгаа бол Энэтхэг улс манай улсаас уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн, ноос, ноолуур авах сонирхол бий болж байна. Түүнчлэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Төвийн бүсийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгасан. Уг салбарт хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ ХХААХҮ-ийн сайд мэдэгдлээ.