Монгол Улс Энэтхэгийн Засгийн газраас 1.2 тэрбум ам.долларын зээл авч Газрын тосны үйлдвэрийн төслийг 2018 онд эхлүүлсэн билээ. Анх зээлийн хэлэлцээр хийж, үйлдвэрийн шавыг тавихдаа 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулна гэж байсан ч өнөөдөр төслийн ажил 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Гүйцэтгэл 20 гаруй хувьтай явж байгаа ч манай улс үндсэн зээлийн төлбөрөө төлөөд эхэлсэн.
Мөн ашиглалтад оруулах хугацааг 38 сараар сунгаж, зээлийг 500 сая ам.доллароор нэмэгдүүлэх асуудлыг УИХ хэлэлцэж байна. Ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэрийг монголчууд 1.7 тэрбум ам.долларын зээлээр, найман жил барихаар болж байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын шатахууны хэрэглээний 50 хувийг хангана. Өөрөөр хэлбэл, 1.7 тэрбум ам.долларын өртөгтэй, найман жил барьж ашиглалтад оруулж байгаа үйлдвэр тийм ч том биш гэсэн үг. Түүнчлэн анхны ТЭЗҮ дээр үйлдвэр ашиглалтад орсноос хойш 7-75 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхнө гэж байсан ч 10 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөхөөр болсон. Мөн Дорноговь аймагт барьж байгаа үйлдвэр түүхий эдээ 500 гаруй км-ын цаанаас хоолойгоор татна. Анх яагаад түүхий эдийнхээ ойролцоо газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж байгуулаагүй гэдэг нь ч асуултын тэмдэг хэвээр байгаа юм.
Үйлдвэр төлөвлөсөн хугацаандаа ашиглалтд орохгүй байгаа, санхүүжилт нэмэгдсэн асуудлыг холбогдох албан тушаалтнууд ковид руу чихдэг ч бидний хариуцлагагүй байдлаас үүдэлтэй. “Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК нь өрөнд орж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд ч хүрсэн. Энэтхэгийн зүгээс “Газрын тосны үйлдвэр баривал хариуцах компанийнхаа урсгал зардал, дэд бүтцээ Монголын Засгийн газар өөрөө хариуц” гэжээ. Тиймээс “Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК -ийн урсгал зардал, үйлдвэрийн гаднах дэд бүтцийг санхүүжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас зээл олгож эхэлсэн байна. 2018 оноос хойш “Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК Хөгжлийн банкнаас 11.89 хувийн хүүтэй 166 тэрбум төгрөгийн зээл авч дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулжээ. Ингээд 2022 оны сүүлчээр хуримтлагдсан зээлийн хэмжээ 64 тэрбум төгрөг болсон бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сараас барьцаа хөрөнгөгүй гэсэн шалтгаанаар зээлийг бүр зогсоосноор “Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК цалингаа тавьж чадахгүй болсон.
Хөгжлийн банкны санхүүжилт зогссон учраас Засгийн газраас гуравдугаар сарын 1-нд 82 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолоор “Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлсэн юм. Хариуцах эзэн, газаргүй дундаа хаяснаас 2018 онд шавийг нь тавьж байсан үйлдвэрийг 2027 оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар ярьж байна.