Дэлхий дээр 100-с дээш насны хамгийн олон хүн амьдардаг гэдгээрээ алдартай “Blue Zones”-д багтах газрууд 20 жилийн турш урт наслалтыг эрэлхийлэгч хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн.
Уг нэр томьёог анх “Blue Zones”-ийг үндэслэгч, National Geographic-ийн судлаач, сэтгүүлч Дан Буеттнер 2004 онд удирдсан хайгуулын төслийнхөө үеэр гаргаж байжээ. 2000 онд Японы Окинава муж руу экспедиц хийж явсныхаа дараагаар дэлхийн өнцөг булан бүрд байрлах зуун настны хэт их төвлөрөлтэй бүс нутгуудад очиж, урт наслалтын судалгаагаа хийсэн байна. Хүн ам зүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зуун настнуудаас ярилцлага авсны үндсэн дээр ер бусын урт наслалт, эрч хүчтэй байдлаараа ялгардаг таван газрыг тодорхойлсон нь энэ юм.
Сардиниа, Итали - Дэлхийн хамгийн урт насалдаг эрэгтэйчүүдтэй газар
Окинава, Япон - Дэлхийн хамгийн урт насалдаг эмэгтэйчүүдтэй газар
Лома Линда, Калифорниа - Дундаж америк хүнээс арав гаруй жил урт насалдаг газар
Икариа, Грек - Арлын жижиг нийгэмлэг
Никоя, Коста Рика - Америкчуудаас хоёр дахин их 90 нас хүрсэн хүнтэй газар
Тус бүсийг анх тодорхойлсноос хойш 20 жилийн хугацаанд “Blue Zones” брэнд үүссэнээс гадна найман ном, “Live to 100: Secrets of the Blue Zones” нэрт Netflix цуврал, олон төрлийн бүтээгдэхүүн гарсан байна. Түүнчлэн Blue Zones брэндийг алдаршуулахад тусалсан эрүүл амьдралын хэв маяг нь урт наслахад чухал ач холбогдолтой гэдгийг хөгшрөлтийн мэргэжилтнүүд онцолдог.
Дээрх газруудад амьдардаг хүмүүс жимс, хүнсний ногоо зэрэг шим тэжээлтэй хоолоор хооллож, биеийн тамирын дасгал хөдөлгөөн их хийдгээс гадна гэр бүл, ойрын хүрээллээ нэн тэргүүнд тавьж, хорт зуршилгүй байхад анхаардаг талаар судлаачид тэмдэглэсэн байдаг. Дээрээс нь хэт их идэхгүй байх, стрессээ тайлах, амьдралын зорилготой байх, үнэнчээр шашин шүтэх, сайн гентэй байх зэрэг бусад хүчин зүйлсийг ч дурджээ.
“Blue Zones” шинжлэх ухаанаар батлагдаж байгаагүй ч олон жилийн ажиглалтын үр дүнд бий болсон ойлголт гэж үздэг. Энэ талаар судалдаг нэгэн судлаач "Энэ бол хөгшрөлтийн талаар бидний мэддэг зүйлстэй нийцдэг ажиглалт. Гэхдээ шинжлэх ухаан биш” гэж хэлж байв.