Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотой томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдсэн. Өвлийн улиралд хүйтэн агаараар амьсгалснаас болж хүүхдийн амьсгалын замын салстууд цочирч үрэвсэх, түүгээр нь томуу төст үүсгэгч нянгууд нэвтэрдэг байна.
Амьсгалын замын халдвараар өвчилсөн хүүхдүүдийн 70 орчим хувь нь 0-5 насныхан байгаа юм. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд ханиалгах, 39-40 хэм хүрч өндөр халуурах, нусгайрах, нулимс гоожих, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэхүү шинж тэмдэг нь ихэвчлэн хүүхдүүдэд илэрч 2-5 өдрийн турш өндөр халуунтай байгаа тохиолдлууд ч байна. Хүүхдийн өвчлэлийн талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч М.Пүрэвжаргалаас тодрууллаа.
-Томуу, томуу төст өвчин болон ханиадны ялгаа нь юу вэ?
-Томуу, томуу төст өвчний вирусийн ялгаа гэвэл томуу бол A, B гэсэн хоёр хүрээтэй. Мөн олон дэд нэгжүүдтэй байдаг. Томуу төстүүд нь яг томуутай ижил шинж тэмдгээр илэрч байгаа бусад халдваруудыг хэлнэ.
-Хүйтэн сэрүүний улирал эхэлж томуу, томуу төст өвчний тархалт ихэссэн. Тэгвэл он гарснаас хойш өвчний тархалт хэр их байгаа вэ?
-Сургууль амрахаас өмнө манай яаралтай тусламжийн төв ажлын өдрүүдэд 300 гаруй тусламж үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоогийн байдлаар хоёр дахин буураад байна. Сурагчдын хичээл сургууль амарч, Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулснаар өвчлөлийн тоо багассан. Ингэснээр бид амралтын өдрүүдэд 200 гаруй, ажлын өдөр 100 гаруй тусламж үйлчилгээ үзүүлж байна. Сургуулиуд амарч, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажилласантай холбоотой ачаалал нэлээн багассан. Амралтын өдрүүдэд 21 эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсгээр нийт 1885 хүүхэд үзүүлсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 18 хувиар буураад байна.
-Сурагчдын амралт эхэлснээр томуу, томуу төст өвчний тархалт улам нэмэгдэх эрсдэлийг бууруулсан гэсэн үг үү?
-Тийм ээ. Сурагчдын амралт эд ес эхэлсэн хүйтний үеэр таарсан. Энэ нь томуу, томуу төст өвчний дэгдэлт улам нэмэгдэх эрсдэлийг багасгасан юм.
-Томуу, томуу төст өвчний халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
-Томуу, томуу төст өвчний вирусийн халдвар ихэнхдээ амьсгалын замаар халдварладаг учраас хүмүүс энгийн аргаар халдвар хамгааллын дэглэмээ барихад амьсгалын замын халдвар авахгүй байх бүрэн боломжтой. Тухайлбал гараа сайн угаах, маскаа сайн зүүх, халуун бүлээн юм уух зэрэг нь юм.
-Хичээл сургууль орж эхлэх үеэр амьсгалын замын халдвар буцаад нэмэгдэх үү?
-Сурагчдын амралтын хугацаа дуусаж, хичээл сургууль орж эхлэх үеэр амьсгалын замын халдвар нэмэгдэх эрсдэлтэй. Гэхдээ хэр их нэмэгдэхийг урьдчилан таамаглах боломжгүй юм.
-Эцэг эхчүүд хүүхдэдээ эмчийн заавар, жорын дагуу эмчилгээ хийлгүйгээр өөрсдөө дур мэдэн буруу эм өгөх тохиолдлууд байна гэж сонссон. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Эмчийн заасан заавар, жорын дагуу эмчилгээгээ хийх хүмүүс байхад заавар, жорын дагуу бус өөрсдийн гэртээ байгаа эмээ уух тохиолдлууд ч бас байна. Бүр гэрээрээ эцэг эх нь хүүхдэдээ тариа тариад ирсэн тохиолдлууд ч бий. Тиймээс эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд эмчийн бичиж өгсөн жор, эмийн дагуу эмчилгээгээ хийх хэрэгтэй. Хүүхдийн биед эмийн эмчилгээ үр дүнтэй байхын тулд эцэг эхийн асаргаа сувилгаа их нөлөөлдөг. Тиймд эцэг эхчүүд хүүхдээ 22:00 цагаас өмнө унтуулж хэвшүүлэх, утас компьютерын хэрэглээг нь багасгах, шингэн зүйлийг ердийнхөөс хоёр дахин их хэрэглүүлэх хэрэгтэй юм. Мөн томуугийн вакцинд хамруулах, ичлэг ихтэй хоол хүнс өгч, амны хаалт тогтмол хэрэглүүлж хэвшээрэй гэж зөвлөмөөр байна.
Томуугийн өвчлөлийн нууц хугацаа 2-3 өдөр үргэлжилдэг. Гэвч зарим хүүхдүүдэд 7 орчим хоног үргэлжлэх тохиолдол гарчээ. Томуугийн халдвар тээгч тухайн орчинд ханиалгасан тохиолдолд вирус 2-8 цаг хүртэл идэвхтэй байх боломжтой. Тиймээс хамгийн гол нь амны хаалт зүүж хэвших нь чухал юм.