Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой хүүхдүүдийн бэртэл гэмтлийн тоо эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, авто осол, халтирч унаснаас үүдсэн гэмтэл, түлэгдэлт зэрэг бэртлүүд нэмэгджээ. Мөн сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан агаар салхинд гарах нь ихэссэн. Инэгхдээ зориулалтын бус газарт, зориулалтын хэрэгсэлгүйгээр цан чаргаар гулгаж өөрсдийн аюулгүй байдлаа сайн хангаагүйгээс унаж гэмтэх тохиолдлууд нэмэгдээд байна.
2019-2023 оны хооронд 8919 иргэн цана, чарганаас унаж гэмтэж, ГССҮТ-д ирж, эмчлүүлжээ. Ялангуяа амралтын өдрүүдээр цана, чарганаас унаж гэмтэх тохиолдол их гардаг байна. Тиймээс анхаарал болгоомжтой байж, хамгаалах хувцас хэрэгслээ иж бүрэн өмсөж, зориулалтын чаргаар гулгахыг ГССҮТ-ийн эмч нар зөвлөлөө.
Сүүлийн найм хоногийн хугацаанд гэхэд 200 иргэн чарганаас унасан гэмтлийн шалтгаантай ГССҮТ-д иржээ. Үүнээс 106 иргэн буюу 50-аас дээш хувь нь бага насны хүүхдүүд байгаа юм. Энэ талаар тодруулахаар ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн М.Нямлхагва эмчтэй ярилцлаа.
ГССҮТ-ийн яаралтай тусламжийн их эмч М.Нямлхагва: 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2025 оны нэгдүгээр сарын 9-ний хооронд ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар 30 072 хүн үйлчлүүлсэн байна. Үүнээс 11 308 нь хүүхэд байсан. Хувиар авч үзвэл 37.6 хувийг хүүхдийн бэртэл гэмтэл эзэлж байна. Гэмтлийн шалтгааныг авч үзвэл авто ослоор 7.6 хувь, халтирч унаснаас үүдсэн гэмтэл 9 хувийг эзэлж байна. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотой чарганаас унаж бэртэх тохиолдол сүүлийн хоёр сарын хугацаанд эрс нэмэгдэж байгаа.