УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нар НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээллээ.
Уг хуулийг 2019 онд өргөн барьсан ч хэлэлцэхгүй байсаар, шинэ УИХ-ын дэгийн тухай хуулиар буцаагдсан байна. Тиймээс шинээр бүрдсэн парламентын гишүүд хамтран дахин өргөн барьж байгаа аж.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Одоогоор 180 мянган ААН бий, түүнээс 81 мянга нь НӨАТ төлөгч бол хувиараа төлөгч 250 мянга байгаагаас 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Тоо бага байгаа шалтгаан нь НӨАТ хэт өндөр байгаатай холбоотой. Нийт татварын 25 хувийг НӨАТ бүрдүүлж байгаа ба өнгөрсөн жил 5 хувь болгосон байсан бол бусад орлогууд нэмэгдэж ₮3,8 их наядаар багасах биш ₮1 их наядын орлогоор тасрах байсан. Үүний үр дүнд ард түмэн бараа таваарыг хямдаар худалдаж авах, эдийн засаг эрчимжих боломж бүрдэх байсан гэв. Энэ хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НДШ болон татварын ачааллыг багасгах ажлыг хийхээр зорьж буй. Энэ хүрээнд НӨАТ-ыг 5 хувь болгох санаачилгыг гаргаж байна. Уг хууль хэрэгжвэл татвар төлөгчдөд төрөөс ирж буй татварын дарамтыг буурах юм.
Дэлхийн 200 гаруй орны 80 гаруй хувь нь 10 хувиас доош байдаг. 20 хувиас дээш байдаг ч тэд буцаан олгох систем нь сайн. Манай улсын буцаан олголт хангалттай биш байгаа нь жишээ нь сумын дэлгүүрүүд хангалттай хэмжээнд НӨАТ татвар төлдөггүй, баримт олгодоггүй. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг өндөр болголоо ч хөдөө орон нутгийн иргэдэд хүрч чадахгүй. Сангийн сайд татварыг буулгахыг хүсдэггүй. МАН иргэдээсээ их татвар авч, ард түмнээ ядуу байлгах бодлого барьж байгаа.
Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын 10 хувийг төлж, 2 хувийг буцаан авдаг. Энэхүү хууль хэрэгжсэнээр 5 хувийг төлж, 2 хувиа буцааж авахаар 3 хувийг төлнө гэсэн үг.
УИХ-ын гишүүн А.Ундраа: НӨАТ-ыг бууруулах нь эдийн засгийг ил тод болгох, албан эдийн засгийн дэмжих ач холбогдолтой юм. Хамгийн гол нь татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа дарамтыг бууруулах, бизнес эрхлэг орчныг сайжруулах ач холбогдолтой учраас энэ хуулийн төслийг дэмжиж, хамтран санаачилж байна.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: Манай нам аж ахуй эрхлэгчдэд очиж байгаа татварын дарамтыг бууруулах мөрийн хөтөлбөртэйгөөр сонгуульд оролцсон. Нэмэгдсэн өртгийн албан татвар эцсийн бүтээгдэхүүнд нөлөөлдөг. Нөгөө талаар жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд нэлээн том дарамт болдог. НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгосноор аж ахуй эрхлэгчдээ дэмжинэ, иргэдэд очиж байгаа татварын дарамтыг бууруулж, бүтээгдэхүүний үнийг бууруулах ач холбогдолтой юм.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Энэ хуулийн төслийг өнгөрсөн хугацаанд эрх баригчид дэмжээгүй. Олон шалтгааны улмаас энэ хууль батлагдаагүй өнөөдрийг хүрсэн. Одоо болж байгаа жагсаалаар иргэд татварын дарамтаа боль, бизнес эрхлэх боломжгүй байна, өрхийн амьжиргаа сүйрлээ гэж шаардаж байгаа. Бид хуулиа батлуулахын төлөө ажиллана. Бусад гишүүд маань ч дэмжих байх.