Open iToim app
Түмний нэг | 4 мин уншина

Түмний нэг: 62 жил ханилж, 680 гаруй хүний амийг аварсан гэр бүлийнд зочиллоо

Түмний нэг: 62 жил ханилж, 680 гаруй хүний амийг аварсан гэр бүлийнд зочиллоо
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 13
Өдгөө 90 нас хүрэх гэж буй А.Чангарав, Б.Оюунчимэг нарыг “Түмний нэг” буландаа онцлон хүргэж байна. Тэд хамтын амьдралаа зохиогоод 60 гаруй жил болж байгаа бөгөөд гэрийн эзэгтэй Б.Оюунчимэг донор болсон цагаас хойш 1.6 тонн сүү, 48 литр цусаа бэлэглэж 680 гаруй хүний амийг аварсан юм. Ингээд тэдний түүхийг хүргэе.
quote photo
Хүн гэдэг энэ орчлонд хүний л төлөө төрдөг юм байна шүү дээ
Б.Оюунчимэг
Б.Оюунчимэг гуай өөрөөсөө төрсөн дөрвөн хүүхэд өрөөлөөс төрсөн 12 хүүхдийг цагаан сүүгээрээ тэтгэж хүн болгосон “Мөөм ээж” хэмээн нэрлэгдсэн үлгэр домог шиг яриа өдийг хүртэл яригдсаар  байна.  Үүгээр зогсохгүй цусаа хандивлаж 300 гаруй хүний алтан амийг аварсан ачтан. Мөн элэгний өвчтэй олон хүнд 120 литр сүү хандивлаж байжээ. Иймд тэрээр 680 гаруй хүний алтан амийг аварсан ачтай, буянтай нэгэн. Түүнийг Улаан загалмайн их хурлаар сүү, цусны хосолсон "Хошой донор" гэж зарлаж юм. Хүнд өгч болох хамгийн том бэлэг амьдрал гэдэг. Тэрээр багш мэргэжилтэй. Багшийн ажлаа 30 жил хийж сурган хүмүүжүүлэх үйлсэд энэ биеэ зориулжээ. Б.Оюунчимэг анхны хүүхдээ 1963 онд төрүүлээд яслид өгдөг байжээ. Цайны цагаараа хүүхдээ хөхүүлэнгээ, тэр яслийн 30 хүүхдийг бүгдийг нь хөхүүлчхээд явдаг байв. Учир нь өдөрт 10 литр сүү элбэгхэн гарчихдаг байж. Түүний хөхний сүүг шинжилгээнд явуулахад нэгдүгээр зэргийнх гэж гарсан бөгөөд шим тэжээл ихтэй, хүүхдийг хурдан тэнхрүүлж, мах мяраа суулгадаг гэсэн хариу гарсан байна. Хамгийн сонирхолтой нь түүнийг  төрөх бүрд дандаа гурван ихэр хүүхэд мөөм ээж болгохоор зорин ирдэг байжээ. Тодруулбал, хамгийн анхны төрөлтөн дээр нь Архангай аймгаас гурван ихэр хүүхэд ирж байсан бол дараа нь Хөвсгөлийн, Увсын, Зүүнхараагийн гурван ихэрийн мөөм ээж болжээ. Ихрүүдийг хөхүүлэхээс гадна сүүгээрээ угааж, нурсан цавь, сугыг нь анагаадаг байсан гэдэг. Мөн түүний сүү татраад найман жилийн дараа хөхөнд нь сүү оржээ. Учир нь Б.Оюунчимэг гуайн охин нь Орос улсад төрөөд нэг сартай хүүхдээ явуулахад угж хөхөхгүй уйлаад байхаар нь мөөмөө хөхүүлсэн гэдэг. Найман жилийн дараа хөхөнд сүү орно гэдэг ховор үзэгдэл учраас үүгээрээ тэр Гиннесийн номд бичигдэж байжээ. Б.Оюунчимэгийн эмээ нь, ээж нь, охин нь, зээ нь гээд бүгд сүү сайтай. Ихэнх нь өдөрт зургаа, долоон литр сүү гаргадаг гэнэ лээ. Гэхдээ гойд их сүүтэй нь Б.Оюунчимэг.  Хүнд буян үйлдэж, олон хүний алтан амийг аварсан ач буяны хариуд түүнийг хоёр гурван удаа бурхан үхлийн савраас аварч байсан гэнэ. Тиймдээ ч үргэлж сайн сайхан зүйл бодож бусдад ерөөл, буянаа хайрлахыг хүсдэг аж. Хүнээр дутдаг энэ хорвоод тэрээр хүний төлөө л явсаар амьдралыг элээж байна даа. 
quote photo
Дайны үед гэр бүлээ л бодож айдас, сандрал, түгшүүрийг давч гардаг байсан
А.Чангарав
Энгийн хэрнээ эгэлгүй энэ гэрийн өрхийн тэргүүнийг А.Чангарав гэдэг. Тэрээр жирийн нэгэн байлдагчаас хурандаа болтлоо хичээж, хөдөлмөрлөж 30 жил цэргийн байгууллагад ажиллажээ. Цэргийн амьдралын хамгийн сайхан нь хүнийг бяр чадалтай, хатуужилтай, бие биеэ ойлгодог болгодог нь гэнэ. Үүгээр зогсохгүй хүний нүдийг нь хараад, үгийг нь сонсоод л тухайн хүн ямар байгааг нь мэддэг болсон аж. Түүний аав ч цэргийн хүн байсан учраас аавынхаа мэргэжлийг өвлөн авч үр удамдаа дамжуулан үлдээж байгаа хэмээн бидэнтэй хуучилсан юм. А.Чангарав гуай гурван хүүтэй бөгөөд тэднийгээ цэргийн сургуульд сургажээ. Мөн тэрээр 1969-1971 онд дайны үед Вьетнам улсад Элчин сайдын яаманд ажиллаж байжээ. Ингэхдээ эхнэр, хүүхдээ үлдээж, хүний нутагт тайван унтаж амарч, хоолоо ч тухтай идэж чадахгүй хэзээ бөмбөгдөх бол гэсэн байнгын айдас, сандралтай ажилладаг байж. Тухайн үед ардаа үлдсэн хайртай хань, үр хүүхдүүдээ бодож л тэсэж байснаа А.Чангарав гуай дурсаж байлаа. Түүнчлэн, дайны дараа Вьетнам улсад томилогдон гэрийнхэнтэй хамт ажиллаж, амьдрахад энх цагийн сайхныг илүү тодоор мэдэрсэн гэнэ.  Тэрээр арыг нь үргэлж бат даасаар ирсэн ханиараа үргэлж бахархаж, хайрлаж, хүндэтгэдэг аж.

Дэм дэмдээ дээс эрчдээ

Тэд ханилан суугаад хэдийнээ  62 жилийн хугацааг үджээ. Энэ хугацаанд жаргал, зовлонтой бүхий л цаг хугацаанд хоёр биедээ итгэж, нэг нэгнээ түшиж тулж амьдарсан гэнэ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан, дэм дэмдээ дээс эрчдээ гэж ярьдаг шиг.  Тэд дөрвөн хүүхэд болж одоо 20 гаруй ач, гуч нартайгаа өнөр өтгөн амьдарч байна. Хүний амьдралд муудах маргах үе өчнөөн л гарна. Тэр бүрд бие биеэ сайхан ойлгож, нэгэндээ хүлцэнгүй хандахыг шинэхэн хосуудад захиж хэллээ. Хамгийн чухал нь эрэгтэй хүнийг сайн эсвэл муу болгох уу гэдэг эмэгтэй хүнээс л шалтгаалдаг. Тийм учраас үүнд анхаарах хэрэгтэй гэлээ.
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн