Open iToim app
Спорт | 2 мин уншина

Танилц: Энэ оны жүдогийн улсын аваргууд

Танилц: Энэ оны жүдогийн улсын аваргууд
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 12
2025 оны жүдо бөхийн УАШТ-ий аваргууд тодорлоо. Жин тус бүрийн аваргуудыг танилцуулъя.

Эмэгтэй

48 кг: Ж.Анударь (Женко)
“Женко” клубийн залуу тамирчин, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, Ж.Анударь арав гаруй минут үргэлжилсэн финалын хүнд барилдаанд ОУХМ Г.Наранцэцэгийг торгуулиар ялж, улсын аварга цолыг анх удаа хүртэв.
Тэрээр 2024 оны насанд хүрэгчдийн улсын аваргад үзүүрлэсэн амжилтаа ийн ахиулсан юм.
52 кг: М.Нандин-Эрдэнэ (Гүрү дожо)
ОУХМ М.Нандин-Эрдэнэ “Алдар”-ын ОУХМ  Ц.Гал-Одыг торгуулиар ялж, анхны алтан медалиа зүүснээр медалийн иж бүрэн цуглуулгатай болж байна.
57 кг: М.Ичинхорлоо (Алдар)
ОУХМ М.Ичинхорлоо нь жүдо бөхийн УАШТ-нд гурав дахь удаагаа түрүүлж буй юм. Тэрээр өмнө нь 2022, 2023 онд 57 килограммын жинд аварга болж байсан юм. Энэ удаа өсвөрийн дэлхийн аварга, Токиогийн Их дуулгын хүрэл медальт,  ОУХМ Т.Ариунзаяаг вазаригаар ялж түрүүллээ.
63 кг: Л.Энхрийлэн (Сүлд)
 ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн 63 кг руу жин өгсөж барилдаад итгэл төгс түрүүлэв. Энэ нь түүний улсын аваргын гурав дахь алтан медаль юм.
70 кг: Б.Ням-Эрдэнэ (Женко)
Б.Ням-Эрдэнэ улсын хошой алтан медальтан боллоо. Аваргын төлөөх барилдаанд нэг клубийн тамирчин У.Анужиныг ялсан билээ.  Б.Ням-Эрдэнэ өнгөрсөн жил аваргалсан амжилтаа ийн баталлаа.
-78 кг: О.Хүслэн (Сүлд)
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ О.Хүслэн улсын аварга цолыг хоёр дахь удаагаа хүртэв.
+78 кг: А.Адъяасүрэн (Алдар)
Түүний хувьд амжилтаа бататгаж улсын аваргаас дөрөв дэх алтан медалиа хүртлээ.

Эрэгтэй

60 кг: Б.Сүхбат (Женко)
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн 60 кг-ын жинд гурав түрүүлсэн амжилтаа “Женко” клубийн тамирчин, ОУХМ Б.Сүхбат өнөө жил амжилтаа ахиулж, УАШТ-ээс дөрөв дэх алтан медалиа хүртлээ. 
66 кг: Ё.Басхүү (Хилчин)
Ё.Басхүү жүдо бөхийн дэлхийн аваргаас хошой хүрэл медаль хүртэж, олимпын дэвжээнд медалийн төлөө өрсөлдөж байсан дэлхийн хэмжээний бөх. Гэхдээ улсын аваргадаа түрүүлж чадалгүй өнөөг хүрээд байв. Харин энэ жил тэрээр хүлээлтээ эцэс болгож, үндсэн 66 кг-даа итгэл төгс түрүүллээ. Ингэснээр улсын аваргын нэг алт, гурав хүрэл медальтай болж байна.
73 кг: Б.Эрдэнэбаяр (Хилчин)
Б.Эрдэнэбаяр улсын хошой аварга болж байна. Тэрээр “Парис-2024” олимпын долдугаар байрын шагналын эзэн билээ. 
81 кг: О.Шинэбаяр (Тэмүүжин)
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд “Тэмүүжин” клубийн тамирчин О.Шинэбаяр жүдо бөхийн улсын аваргаас анхны алтан медалиа хүртлээ.
90 кг: Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)
Тэрээр өмнө нь улсын аваргаас алт, хүрэл медаль хүртэж байв. 
-100 кг: А.Энхбаяр (Алдар)
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин А.Энхбаяр улсын аварга цолыг анх удаа хүртлээ.
+100 кг: Б.Гончигсүрэн (Хилчин) 
Тэрээр сүүлийн дөрвөн жил дараалан аваргалсан гэдгээрээ онцлогтой. Энэ жил тэрээр жин өгсөн +100 кг-ын жинд барилдаж алтан медаль хүртэв. Финалын барилдаанд Б.Серикийг цаг дуусах мөчид сугадаж мушгиад хожлын үнэлгээ авсан юм. 
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн