“Эрх чөлөөний эвсэл” намаас зохион байгуулж буй “Засгийн газар огцор” жагсаалын эргэн тойронд юу болж буйг тоймлон хүргэж байна.
11:00 цаг: Жагсаал эхэллээ
“Эрх чөлөөний эвсэл” намынхны уриалсан “Засгийн газар огцор” нэртэй жагсаал Төв талбайд эхэлж жагсагчид цуглаж эхлэв. Уг жагсаалын зорилгыг тэд утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл хэмээн тайлбарлаж буй. Түүнчлэн, жагсаал зохион байгуулагчид ямар нэгэн тайлбар сонсож хэлэлцээр хийхгүйгээр эцсийн үр дүнд хүртлээ жагсана гэдгээ илэрхийлээд байгаа юм. Жагсаал өнөөдрөөс нэгдүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх юм байна.
14.00 цаг: Жагсагчид автозамын хөдөлгөөнд саад учрууллаа
Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нарыг төв талбайд ирж уулзахыг шаардаж, зам хааж зогссон байдалтай байна. Тодруулбал, ГХЯ яамны хойд талын болон Төв шуудангийн уулзварыг хааж жагссан нь автозамын хөдөлгөөнд саад учруулж жолооч нарыг бухимдуулав.